Wednesday, June 20, 2012

ХАЙРЛАМ ЭНЭХЭН АМЬДРАЛАА МАХНААС Л ХОЛ БАЙЛГА, ХҮМҮҮС МИНЬ


ХАЙРЛАМ ЭНЭХЭН АМЬДРАЛАА МАХНААС Л ХОЛ БАЙЛГА, ХҮМҮҮС МИНЬ



 Дүү минь, Төрсөн өдрийн баяраа махтай л бүү тэмдэглээч.

Идүүлэх гэж буй тэмээний уйлааныг нэг сонсооч.

Идүүлсэн нэгнээ үгүйлэх үхрийн харууслын нэг мэдрээч.

Тэмээний тэр уйлаан ээжийнх тань ч байж болно.

Үхрийн тэр харуусал эцгийнх тань ч байж мэднэ.

Төрсөн өдрийн баяраа махтай л бүү тэмдэглэ,  Дүү минь.



Ах минь, Туулах энэхэн амьдралаа махтай л бүү хутгаач.

Муулуулж  буй хонины   харцыг нэг ширтээч.

Өрлүүлж буй ямааны орилооныг  нэг мэдрээч.

Хонины тэр харц  хүүгийнх тань ч байж болно.

Ямааны тэр орилооны охиных тань ч байж мэднэ.

Туулах энэхэн амьдралаа махтай л бүү холь,  Ах минь.



Анд минь,  Хүмүний энгүй заяагаа махаар л бүү бузарлаач.

Алуулах гэж буй адууны тэмцлийг нэг үзээч.

Идүүлэх гэж буй амьтныг хорслыг нэг ухаараач.

Адууны тэр тэмцэл  андынх тань  байж болно.

Амьтны тэр хорсол хайртынх  тань ч байж мэднэ.

Хүмүны энгүй заяагаа махаар л бүү бузарла, Анд минь.



Эгч минь, Хайрлам гэнэхэн амьдралаа махнаас л хол байлгаач.

Ээжийгээ үгүйлэх ботгоны буйлааныг нэг мэдрээч.

Ээжийгээ идүүлсэн унаганы янцгаалдахыг нэг  санаач.

Ээжийгээ санагалзах  тугалын мөрөөлдөхийг нэг сонсооч.

Ээжгүй хурга, ишигний  майлалдахыг нэг бодооч.

Хайрлам энэхэн амьдралаа махнаас л хол байлга, Эгч минь

Хүмүүс минь,  

Төрсөн өдрийн баяраа махтай л бүү тэмдэглэ.

Туулах энэхэн амьдралаа махтай л бүү холь.

Хүмүний энгүй заяагаа махаар л бүү бузарла.

Хайрлам гэнэхэн амьдралаа махнаас л хол байлга.

Хүмүүс минь .



Тайлбар:

Энэхүү сэтгэлийн шаналалаа бүх л төл малд зориулан тэрлэлээ.  Тэд хүүхэд насны минь хамгийн дотны анд минь байсан учраас тэр.  Би хурга, ишиг, тугал, унага, ботготой тоглож өссөн. Тэднийг  баярлаж байгааг, бас гуниж байгааг, мөн ээжийгээ санаж байгааг нь би мэдэрдэг байв. Ээжийгээ идүүлж байгааг хараад, өдөржин янцгаасан хайртай нэгэн унаганыхаа уйлааныг би одоо хүртэл сонсож байдаг.  Тэр нэгэн намрын тэр нэг гунигт өдрийн зураглал  бяцхан зүрх, сэтгэлд минь тодоос тод үлджээ. Би сургасан даагатай ярьж чаддаг байв. Сул тавьсан тэр даагаа “баримаар байна” гэж бодоход л тэр маань над руу чиглээд ирдэг байж билээ. Амьтад бидэнтэй харьцаж чаддаг. Тэд бидэнтэй тун адилхан шүү.  Харин хүн бид л тэднийг ойлгохыг үл хүсэх. Тэд бидний хоол, бас зугаа цэнгэл биш харин анд нөхөр минь л юм.

Ц.Лувсандорж

2012 оны 5 дугаар сарын 28-ны өдөр






ХӨДӨЛМӨРИЙН НАМ МОНГОЛД ЦОРЫН ГАНЦ ОРШИЖ, ЗӨВ Л БАЙГААСАЙ


ХӨДӨЛМӨРИЙН НАМ МОНГОЛД ЦОРЫН ГАНЦ ОРШИЖ, ЗӨВ Л БАЙГААСАЙ

Хүмүний эргүүлэн эргүүлцүүлвэл зохих нэгэн шастирт “Эхлээд үг л байсан” гэдгийг их л онцлон тэмдэглэжээ. Үг гэдэг их хүч эрчмийг тээж явдаг долгион болохоор ийнхүү тэмдэглэсэн ажгуу. Үгийг хэлэхийн зуур л түгэн тархах энэхүү долгионы их хүчийг зөв хэрэглэснээр, сайн сайхныг  бүтээж чадна, бас түүнийг буруу хэрэглэснээр муу муухай, зовлон зүтгүүрт хөтөлж болно.  Иймд улс үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг улс төрийн хүчин-намын нэрийг их л онож бүтээж, зөв хэлж байх нь хамгаас чухал юм.

“Хөдөлмөр (Labour)” гэдэг энэ үг дэлхийн 7 тэрбум гаруй хүмүний зүрх, сэтгэлийг эзэмдсэн,тэдний ахуй амьдралыг хөтөлсөн агуу хүчит долгион, бас үнэт брэнд нэр юм.  Иймд  “Хөдөлмөрийн нам (Labour party)” гэсэн нэртэй улс төрийн хүчин бараг улс оронд бүхэнд байдаг бөгөөд байхдаа хүчтэй, идэвхитэй, ганц л байдаг. Гэвч бидний улсад “ардчилсан, ардын” гэсэн үгийг хэрэглэсэн цөөнгүй нам байдаг шиг “хөдөлмөрийн” гэсэн энэ хүчтэй долгион, үнэт брэнд нэрийг зүүлт болгон хэрэглэсэн маш олон улс төрийн хүчин үүсэх, тэр нь олон байгаагийнхаа хэрээр энэ үгийн мөн чанар, утга учрыг алдагдуулах, улмаар устгах бас нэг олиггүй байдал, зохисгүй үзэгдэл нийгэмд гарч болзошгүй байна.

Улсын бүртгэлийн ерөнхий газарт “хөдөлмөр” гэсэн үгийг зүүлт болгон хэрэглэсэн намын олон нэр, тухайлбал, Монголын ардчилсан хөдөлмөрийн нам, Монголын үндэсний хөдөлмөрийн нам, Монголын ардын хөдөлмөрийн нам,  Монголын хөдөлмөрчдын нам, Монголын либерал хөдөлмөрийн нам зэрэг нэрийг аль хэдийнээ баталгаажуулжээ. Ийм үйлдлийн цаана “удахгүй энэ улсад “хөдөлмөрийн“ гэсэн үгийг зүүлт болгосон тийм л тооны намууд гарч ирэхээр бэлтгэлээ хангаж байна“ гэсэн санаа далд нуугдана. Одоогийн байдлаар бид “Монголын Үндэсний Хөдөлмөрийн нам” хэмээх нам Улсын дээд шүүхэд бүртгүүлэх өргөдлөө өгөөд буцсны, “Хамаг Монголын Хөдөлмөрийн Нам” байгуулагдснаа зарласны гэрч болж байна.  Цаашид зарим эрхэм нөхөд маань “Хөдөлмөрийн нам Монголд цорын ганц оршихын зохистой”-г  үл ухаарвал бид иймэрхий үйлдэл, үзэгдлийн гэрч болсоор л, “хөдөлмөр” гэсэн энэхүү үг-долгионы агуу хүч чадал буурсаар л, утга нь алдарсаар л эцэст нь алга болох вий дээ.

  Үгийн утгыг мэдвэл ертөнцийн төөрөгдлийн тэн хагасаас сална гэдэг. “Хөдөлмөр” гэсэн үг өөр үгээр тодотгогдох шаардлагагүй  хүчтэй долгион, дэлхийд танигдсан үнэт цэнэтэй брэнд нэр юм. Нэгэнт “улаан хөдөлмөр”, “цэнхэр хөдөлмөр”, “үндэсний хөдөлмөр”,  “монголын хөдөлмөр” гэсэн холбоос үгс учир зүйт, утга төгөлдөр санааг илэрхийлэхгүй тул “Хөдөлмөр нам” гэсэн нэрийн өмнө ямар нэгэн тодотгол хийсэн намын аливаа нэр утга зүйн хувьд зохисгүй байна.  Мөн улс төрийн намын үзэл, чиглэлийн шугаман дүрслэлийн үүднээс харвал хөдөлмөрийн нам нь төв зүүний гэсэн ангилалд илүүтэй хамаарахыг, шугаман бус дүрслэлийн үүднээс хэлбэл энэ нь “хөдөлмөр зөвхөн монгол хүнд бус аливаа хүнд л сайн сайхан амьдралыг өгөх тухай номнолыг баримталдаг, түүнийгээ аливаа “изм”-ээс ангид хэрэгжүүлэхийг хичээдэг, энэ утгаараа, үйлдвэрчний эвлэлтэй нягт холбоотой ажилладаг л улс төрийн хүчин болохыг санавал түүний нэрэнд аливаа “изм”-ийн санааг ил, далд агуулсан  тодотгол  хийх нь оновчгүй, зохимжгүй байна.

 Үндэслэлтэй бүхэн л зохистой оршдогийг санавал “хөдөлмөр” гэсэн үгийг өөрийн нэрэндээ зүүлт чимэг болгож буй одоо байгаа болон цаашид байх бүхий  л намууд нэгэн зохистой нэрийн дор нэгдэх нь зөв болох буй заа.  Ингэж нэгдэх тэр нэгэн нэрийг магад бид, зүгээр л “Хөдөлмөрийн нам” гэж дуудаж болох.  Намын нэр нь зөв бол түүний үйлс зөв байна гэдэгт итгэнэм.

Монголд хөдөлмөрийн нам зөвхөн ганцхан оршиж, үйлс нь                                                      мөнхөд зөв байх болтугай



Доктор, дэд профессор Ц.Лувсандорж

Улс төр судлаач Г.Батбаатар






УХААРЛЫН ДУСАЛ: АТГААЛЖИН ХАР МАНГАСЫГ Л БҮҮ СОНГО

УХААРЛЫН ДУСАЛ: АТГААЛЖИН ХАР МАНГАСЫГ Л БҮҮ СОНГО: АТГААЛЖИН ХАР МАНГАСЫГ   Л БҮҮ СОНГО Атгаалжин хар мангас аа гэж.   Амин үзлийн уут, хулгай, худлын үүд, хүсэл шуналыг үүр, ер нь хүмүн...

УХААРЛЫН ДУСАЛ: АТГААЛЖИН ХАР МАНГАСЫГ Л БҮҮ СОНГО

УХААРЛЫН ДУСАЛ: АТГААЛЖИН ХАР МАНГАСЫГ Л БҮҮ СОНГО: АТГААЛЖИН ХАР МАНГАСЫГ   Л БҮҮ СОНГО Атгаалжин хар мангас аа гэж.   Амин үзлийн уут, хулгай, худлын үүд, хүсэл шуналыг үүр, ер нь хүмүн...

Tuesday, June 19, 2012

АТГААЛЖИН ХАР МАНГАСЫГ Л БҮҮ СОНГО

www.sonin.mn/news/politics-economy ; www.fact.mn; www.mglradio.com; toim.orloo.info..mn

 зэрэг сайтаар олны хүртээл болсон.1000 гаруй хүн уншиж, сэтгэгдлээ бичиж үлдээжээ.

АТГААЛЖИН ХАР МАНГАСЫГ  Л БҮҮ СОНГО


Атгаалжин хар мангас аа гэж.  Амин үзлийн уут, хулгай, худлын үүд, хүсэл шуналыг үүр, харгис хэрцгийн уурхай, ер нь хүмүн заяаны бүх л мууг өөртөө шингээсэн  үлгэрийн баатар нь  энэ атгаалжин хар мангас.  Эрт цагт үлгэр байсан атгаалжин  хар мангас энэ цагт үнэн болж амилсаар л, бүр олширсоор л.   


Байгаль ертөнцийн хууль гэнэт өөрчлөгдөөд л гэгээн заяат, хүчит оюунт хүмүн  атгаалжин хар мангас болчихсонгүй ээ. Харин хүмүний зохиосон хууль, тэдний хийсэн сонголт л хүн заяаг мангасынх шиг болгочих юм даа. Үнэндээ, эрдэнэ хүмүн  мангас болох гэж, мангас шиг амьдрах гэж ирдэггүй.    Гэлээ ч “хуваах бус харин хураах” гэж мангас шиг сонголт хийсээр байгаад нэг мэдэх нээ эрдэнэ хүмүн  мангас болчихсон байх.  Иймд  сонголтоо л болгоомжтой хий, атгаалжин хар мангасыг бол бүр ч бүү сонго.


Амин хувиа хичээгчийг л бүү сонго. Амин хувиа хичээгч “би л болж байвал чи хамаагүй ээ”, “Чи үгүйгээр би оршиж чадна аа”, “Энэ дэлхий сөнөж байг, харин би л ...”  гэдэг хуурмаг санаа, бодлоор  амьдарч, энэ л үзлээр “өөрийгөө л” гэсэн  сонголт хийнэ, “өөрийгөө л” гэсэн шийдвэр гаргана. Аминч үзлийг амиллуулсны дүнд дэлхийн амын 1  хувь нийт өмчийн 99 хувийг эзэмшдэг болж. Дэлхий 200 гаруй улсын 20-иодхон л хөгжиж,  баян болж.Үлдсэн нь хөгжсөнгүй,баяжсангүй, харин доройтсоор л.  Ядуу ядуурсаар  л, баян баяжаар л.  Амин хувиа хичээгч  эхлээд ингэж өрөөлийг хохирооно, зовооно, эцэстээ атгаалжин хар мангас  болж өөрийгөө  бас зовооно.  Энэ бол амин хувиа хичээгчийн  хийх үйл, туулах  ёстой  тавилан нь аж. Иймд амин хувиа хичээгчийг  л бүү сонго. Мангас болчихно.


Шуналчийг бүү сонго.  Шуналын дон тусчихна. Хаусгүй байхдаа хаустай болох гэж тэмүүлнэ.  Нэг хаустай болчихсний дараа хоёр дахь хаустай болох гэж шунана. Нэг уурхайг эзэмшсний дараа бүгдийг нь эзэмдэх гэж саналгалзана.   Хаан болсныхоо дараа хаадын хаан болох гэж шунана.  Голыг ширгээж шунана, далайг буцалгаж шунана, дэлхийг түвээж шунана, алтыг овоолж шунана.  Бүхнийг хуваах гэж бус харин хураах гэж шунана. Шуналын донтон биш ч их эд хөрөнгө, их эрх мэдлийг эзэн явсан Их Александар хаан үхэхдээ бараа бологчдоосоо “Хоёр гарын алгыг минь дээш харуулаад оршуулаач” гэж их л хичээнгүйлэн захижээ. Үүгээрээ тэрээр “Нүцгэн ирээд нүцгэн л буцдаг”, “Хурааснаа үхэхдээ үүрээд буцаж болдоггүй”  хүмүн заяаны жам ёсыг дахин сануулжээ. Хуваахыг тас  мартаад зөвхөн хурааж явахдаа шуналтан эхлээд өрөөлийг хохирооно, эцэстээ  мангас болж өөрийгөө бас тарчлаана. Иймд  шуналчийг л бүү сонго. Мангас болчихно.


Хулгайчийг бүү сонго. Хулгайч болчихно.  Хөлс дулсуулахгүй амьдрах. Энэ бол хулгайчийн бодол ухаан, үзэл санаа, үндсэн номлол.  “Хулгайчийг бариараа” гэж хумсална. Хууль хийж  хулгайлна.  Хувьцааг гаргуулж хөрөнгөтэй болно. Лицензээр зарж уурхайтай болно.  Газар олгож хаустай болно.  Тогтоол гаргуулж зээлээс чөлөөлөгдөнө.  Менежментийн хувьчлал нэрээр сургууль авна. Эх хэл, соёлоо харьчилж хөлжинө.  Хулгайч ингэж авлигаар ажиллаж амьдарна. Хөлс дуслаагүй хөрөнгөтэй болчих нь хөлс дуслуулж амьдарч яваадаа их хортой.  Хулгайч ингэж л өрөөлийг хорлоно, зовооно. Хөлс дуслуулж биш, харин авилга цэцэглүүлж явахдаа тэд эхлээд ингэж өрөөлийг хорлоно, тарчлаана, эцэстээ тэд мангас болж өөрийгөө бас зовооно. “Тариснаа л хураадаг” жамтай тул энэ насандаа хар гэрт оччих вий дээ гэж эмээж явна, тэд.  Бас ирэх насандаа тамд уначих вий дээ гэж айж амьдарна, тэд.   Хулгайчийн замнал ийм л тул  хулгайчийг  бүү сонго. Мангас болчихно.


Худалчийг л бүү сонго. Худалч болчихно.  Худалч хашгирч нэг хуурна. Хошгоруулж нэг хуурна.  Уриалж нэг хуурна. Мунхаглаж нэг хуурна.  Хуурсаар хуурсаар л тэр мангас болчихно.  Энэ мангас юуг ч амална, юунд ч уриална.  Саяыг амална, цалин амална.  “Ядуусыг саятан болгоно” гэж амална. “Хүн биш оршихуйг хүртэл хүн болгож амьдруулна” гэж амална. “Ялгаатай бүхэнд тэгш боломжийг олгоно” гэж амална. “40 жилд үйлдвэржээгүй улсыг  4 жилд үйлдвэржүүлчихнэ” гэж амална. Гэвч түүний уриалсан, амалсан бүхэн амилдаггүй ээ, худалч хэлсэн болохоор тэр шүү дээ. Худалч ингэж хоосон, хөөсөн үг, хуурмаг утгатай уриагаар эхлээд өрөөлийг хуурч зовооно, эцэстээ тэд амаа асуулгаж, амлалт нэхүүлж өөрийгөө бас зовоодог. Ингэж зовох нь чухамдаа худалчийн замнал юм. Иймд худалчийг бүү сонго, Мангас болчихно.
Харгис хэрцгийг бүү сонго. Хайр, энэрэл үгүй болчихно. 20 жилд 2 сая хүүхдийг хоморголон абортлуулчихаад,  хөгжил цэцэглэл ярьж хөөрнө. Малыг тал талаар өсгүүлж, жилд дундажаар 19 тонн махыг таваг тавагаар идүүлэх, эцэст нь эмнэлэг эмнэлэгээр өвдүүлэх  харгислал, мунхаглалыг л дэвэргэсэн  бодлого ярьж тоглоно.  Тэсгэм өвлийн хүйтнээр морь уралдуулж, морийг ч, үрийг ч царцааж цэнгэнэ.   Чоныг сүрэглэн хядаж түмэнд дэлгэн амьтны амиар тохуурхаж наадна.  Энэрэл, хайрлалын сэтгэл үгүй болоход харгислал, хэрцгийлэл л ингэж дэвэрнэ. Харгис хэрцгий эхлээд өрөөлийг  тарчлаана эцэстээ өгч авахын хуулиар өөрийгөө бас хэмлэнэ. Харгис, хэрцгийн замнал  ийм л тул харгис хэрцгийг л бүү сонго. Мангас болчихно.


Сонголтоо л болгоомжтой хий. Шуналыг сонговол шуналын дон туссан мангас болчихно. Хувиа хичээгчийг сонговол амин үзлийг амиллуулсан мангас болчихно. Хулгайчийг сонговол авлига цэцэглүүлсэн мангас болчихно. Худалчийг сонговол хууран мэхлэлтийг мандуулсан мангас болчихно.  Харгис хэрцгийг сонговол энэрэл хайр бус, харин харгислал, хэрцгийллийг  дэвэргэсэн мангас болчихно. Энэ бүгдийг хамт сонговол шуналын донтой, аминч үзэлтэй, хулгайч авиртай, худалч зантай харгис хэрцгий  атгаалжин хар мангас болчихно.   Иймд сонголтоо онож хий. Атгаалжин хар мангасыг бол бүр ч бүү сонго.




Ц.Лувсандорж


2012 оны 6 дугаар сарын 20-ны өдөр



Үсэг минь, элс минь


   Үсэг минь, элс минь

    Эх үсэг минь
    Их элс минь

    Элгэн нутаг минь
    Зүрх сэтгэлд минь залирна, та
           Бид эх бичгийн тасархай.
           Бид  их элсний тасархай.

           Бид элгэн нутгийн тасархай
           Бид энэ Монголын тасархай

Sunday, June 17, 2012

ТА МӨНХ


"Үндэсний мэдээ" сонины 2012 оны 1 дүгээр сарын 28-ны дугаарт "Далд ертөнцийн хаалганы цаана" гэсэн  гарчигтайгаар хэвлэгдэж олны хүртээл болсон.



                                                    ТА МӨНХ

Төрсөн бол үхнэ. Энэ нь амьд оршихуйн жам ёс, хууль гэлээ ч,  үхснээр, та, харин, төгсдөггүй, бас дуусдаггүй. Үүнийг соёл, соёлын шастир үеэс үед сануулсаар; бас бараг л үхээд, дахин амьдарсан эгэл хүмүний бодит туршлага цагаас цагт гэрчилсээр.

Бараг л үхээд, эргэж ирсэн хүмүүс бидний дунд цөөнгүй аж. Тэдний нэг нь араб залуу Мэбрикэ. Одоо 30 настай тэрээр ингэж өгүүлэв. “20 настайдаа байхдаа би далайд сэлж яваад эргээс нилээд холдсноо гэнэт мэдсэн юм. Далайн эрэгт чиглэн сэлсэн боловч, ядарч  туулдав, ус залгиж эхлэв. Живэхгүйн тулд их л тэмцсээн. Гэвч төдий л удалгүй би далайн давалгаанд цохиулж живж эхэлсэн юм даа.  Усны мандалд дөрвөн  удаа гарах гэж  ч оролдлоо. Бүгд л бүтэлгүй болсон. Аажимдаа далайн гүнд живж, миний ухаан санаа орон, гаран болж буйг мэдэрч байлаа.  Яг энэ эгшинд би  маш гоё,  цагаан, гэрлийг олж харсан юм.  Маш хурц, тунгалаг гэрэлтсэн гэрэл шүү. Түүнийг харах тусам тайван, амгаланг улам их мэдэрч байв. Энэ өдөр би энэ гэрлийн талаар үнэндээ юу ч яриагүй санагдаж байна. Миний шашин (Муслим)-д цэвэр цагаан гэрлээр бүтээсэн анжел хэмээх оршихуйн тухай яриа байдаг юм. Энэ гэрэл, магадгүй, тэр гэрлэн анжел байсан байх. Тэр үед  би “Чи ингэж үхэх ёсгүй” гэсэн цуурай мэт дуу авиаг бас сонссон. Энэ энерги миний хөлнөөс тархи хүртэл тархах шиг болж, би уснаас гарч байгаа юм шиг санагдаж байлаа. Тэгээд намайг хэн нэгэн хүн уснаас дээш татаж гаргасан юм шиг санагдаад байгаа ч, үнэндээ тэнд физик оршихуй байхгүй байсан юм шүү.  Үүнийг би тангараглаж чадна” (Near-death experiences of Muslims, http://www.near-death.com). Худал хэлэхийг цээрлэдэг муслим хүн “Үхэж буй тэр агшиндаа тунгалаг гэрэл, дуу авиа, физик бус оршихуйг мэдэрсэнгэдгээ тангараглан тангараглан нотлож байна. Энэ араб залуугийн нэгэн адил үхэлд ойртох агшиндаа хурц, тунгалаг гэрэл, дуу авиа, за тэгээд физик биегүй оршихуйтай таарсан гэх хүний бодит түүх олон, судлагдсан нь бас цөөнгүй.

Бараг л үхээд, эргэн ирэгсдийн өөр нэг жишээ нь христиан гэр бүлд төрсөн Колтон хүү юм. Түүнийг 4 настай байхад нь олгой нь өвдөж, байдал хүндрэв. Тэрээр бараг л үхэх дөхсөн аж. Хагалгаа амжилттай болж хүү үхлээс аврагджээ. Гэвч тэрээр хагалгааны үед хийсэн аялалынхаа тухай, хамгийн сонин нь,  өмнө мэдсэн байж огт болмооргүй зүйлийн тухай эцэг эхдээ хэдэн сарын турш дахин давтан ярьж, тэднийг алмааруулжээ. Тэрээр “Солтон хүүг төрүүлэхээс өмнө ээж нь олсон ч, тээгүй эгчтэйгээ уулзсан”  гэв. Мөн 30 жилийн өмнө таалал төгссөн эмээгээ харсан ажээ.  Бас хангалгаа хийж байхад эцэг эх нь хэрхэн залбирч байгааг харж байсан гэнэ лээ.  Тэрээр мөн диваажин, Христ болон бусад олон зүйлийг үзснээ тодорхойлж хэлжээ (Brent Lambert, 2010, 4-year-old boy’s near death experiences, http://www.feelguide.com). Хүүхэд худал хэлдэггүй гэдэг. Тэр тусмаа христ хөвүүн худал хэлэх учиргүй. Тэр огт сонсоогүй, үзээгүй зүйлээ зохиож ярьсан гэхэд итгэхэд бас хэцүү л дээ.  Энэ хүүгийн нэгэн адил үхэж буй агшинд хийсэн аялалынхаа үед талийгаач болсон хамаатан садан, аав, ээж, ах дүүстэйгээ уулзсан гэх, гэгээтнүүдийг харсан, тухайлбал, “Эйнштен диваажинд компьютер маягийн зүйл дээр ажиллаж буйг харсан гэх, бас өөрийн физик биед хагалгаа хийж буй эмч нарыг харах, бүр тэдний яриаг сонссон  гэх бодит тохиодлууд цөөнгүй гарсаар, бас судлагдсаар.

Бараг л үхээд, эргэн ирэгсдийн бас нэг жишээ нь Хятад улсын Танжинд 1976 оны 7 дугаар сарын 28-ны өдөр болсон аймшигт газарт хөдлөлтийн аюулд нэрвэгдэж, амьд гарсан хүмүүс юм. Эл газар хөдлөлтийн улмаас 240 мянган хүн алтан амиа алдаж, 160 мянган хүн хүндээр шархдсан гэдэг. Ихэнх хүмүүс нуранганд дарагдаж галд шатаж талийгаач болсон байдаг. Хятад улсын эмнэлэгийн ажилчид ийм аймшигт байдал нэрвэгдэж, бараг л үхээд,  дахин амьдарсан 81 хүнтэй ярилцлага (интерью) хийжээ. Эдгээр хүмүүсийн талаас дээш хувь нь ”Тийм аймшигтай байдалд ороод, ухаан, санаа орон гаран болж байх үед, өөрөөр хэлбэл, бараг л үхэж байх тэр эгшинд аймшгийг бус, харин ч амар амгаланг мэдэрсэн. Оюун ухаан нь хүлээснээс чөлөөгдөж байгаа мэт санагдсан.Энэ үед туулсан амьдралынх нь бүхэл мөч, тэр тусмаа, хүүхэд нас, хурмын эгшин, амжилтын мөчүүд яг л кино үзэж байгаа шиг тэдэнд харагдсан” гэж ярьжээ. Мөн тэдний тал орчим хувь нь ”Ухамсар, магадгүй сүнс бодит биеийг орхиж буй мэт мэдрэмж төрсөн. Энэ мөчид сүнс яг л хүлээснээс  салж байгаа юм шиг мэдрэгдсэн. Биеийн болоод тархины гадна, өөр нэг хэмжээсэнд орж байгаа мэт санагдсан” хэмээн өгүүлжээ. Харин тэдний гуравны нэг орчим  нь ”Харанхуй хонгилоор явж байгаа мэт ер бусын мэдрэмж төрсөн. Тэгэж явахад нь чанга дуу авиа дагаад, түлхээд байгаа мэт мэдрэмж төрсөн. Хонгилын төгсгөл ойртож байгаа мэт мэдрэмж төрсөн, бас гэрэл харсан, тэр гэрэл удахгүй ойртоод ирэх гэж буй мэт санагдсан гэж ээ.  Харин тэдний дөрөвний нэг орчим нь “ Физик биш оршихуйтай таарсан. Ердийн  хэллэгээр гэрлэн, сүнсэн бие гэмээр юм уу даа. Тэдний ихэнхи нь талийгаач болсон хамаатан садан, бас найз нөхөд, мөн үл таних хүмүүс мэт санагдаж байсан. Тэд нэг тийш дагуулж явах гээд ч байгаа  юм шиг, бас хамт амьдрах гээд ч байгаа юм шиг санагдаад байсан” гэж хүүрнэжээ     (http://www.clearwisdom.net/emh/articles/2002/6/11/22982.htm). Буддист байх магадлалтай энэ эгэл хятад хүмүүс бүгдээрээ л худал хэлсээн гэж бодож, итгэх гэвэл бас амаргүй шүү.

Дээр дурдсан муслим  залуу, христ хөвүүн, буддист хүмүүсийн нэгэн адил  үхэж байх эгшиндээ хурц, тунгалаг гэрэл үзэж, дуу авиа мэдэрч,  за тэгээд физик биегүй оршихуйтай таарсан гэх тохиолдол бүртгэгдсээр, энэ үзэгдлийг  сонирхон судалдаг байгууллага, судлаачид олширсоор л. Нэгэн судлаач бараг л үхээд, эргэн амьдарсан 4000 хүний туршлага, ярилцлагыг харьцуулж, дүгнэсэн 1O орчим жилийн нөр их хөдөлмөрийнхээ дүнгээр нэн сонирхолтой ном туурвиж, саяхан нийтийн хүртээл болгосон  байна лаа. Эрхэм Вильем энэ номоо “Үхэхээс илүү сайн зүйл үгүй” гэж нэрлэсэн гээч. Бас л сонин. Судлаачид бараг л үхэхэд явагдаж эхлэдэг энэ үзэгдлийг судалж, түүнийг шинжлэх ухаанчаар танин мэдэх ородлогууд хийсээр.  Судлаачид  “Энэ үзэгдэл хүн бүрт яг адилхан байх нь албагүй” гэж дүгнэх хандлагатай. Бас тэд энэ үзэгдлийг  үечлэх, үе тус бүрийн онцлог чанарыг тодорхойлох оролдлогуудын хийсээр. Тийм нэгэн ородлогыг дор сонирхуулж байна (Кevin Williams, the NDE and Death, in http://www.near-death.com/experiences/research10.html).

1.    Чинхүү би” биеийг орхиж, толгой орчим эргэлдэж байх: Зарим тохиолдолд энэ үед “чинхүү бие” мөнгөн утас мэт зүйлээр бодит биетэйгээ холбогдсон байх шиг санагдана.  Мөн энэ үед зарим нь хэн, хаана, юу хийж байсныг тодорхойлж чаддаг. Сохор төрсөн хүн хүртэл энэ үед харж чадна.



2.    Хонгил буюу харангуй орчноор явах.  Энэ үед цаг хугацаа гэж байхгүй мэт мэдрэмж төрөх. Зарим тохиолдолд дэлхийг огторгуйгаас харна.

3.    Хүчирхэг мэдрэмжийг мэдрэх: Энэ мэдрэмж хайрын, бас аймшгийн мэт байж болно.  Зарим тохиолдолд диваажинлаг аялгуу сонсоно.

4.    Гэрэл олж харах, таарах: Энэ гэрлийг  алтан, цагаан, соронзон мэт татсан хайрын гэх мэтээр зүйрлэж хэлэх нь олонтой. Маш ховор тохиолдолд энэ гэрэл тамын гал шиг гэж төсөөлөгдөнө.

5.    Диваажинлаг оршихуйгаас телефатын маягийн аргаар “Үхэх цаг чинь болоогүй” гэх мэт мэдээлэл (мессеж) хүлээн авах

6.    Бусадтай уулзах: Талийгаач болсон хайртай хүмүүстэйгээ уулзах,  гэрлэн оршихуй,  анжел гэх мэт таних, танигдахгүй, бас мэдэх мэдэхгүй оршихуйтай уулзах.  Зарим тохиолдолд шашинд хэрэглэгддэг лого, тэмдэгтийг харах нь  бий.

7.    Туулсан амьдралаа бүхэл нь эргэн харах:  Амьдралдаа болж байсан гол үйл явдлыг эргэн харах, мөн тэр үйл явдалд дахин оролцож байгаа мэт болох. Тэгээд юу нь оносон, юу нь оноогүй, бас юуг өөрчлөх хэрэгтэйг олж мэдэж дүгнэлт хийх шиг санагдана.

8.    Бүх зүйлийг  мэдэж авах. Ертөнц хэрхэн оршин тогтнодог, ямар зүй тогтолтойг мэдэж авах шиг болно.

9.    Ямар нэг саад, хязгаар, хаалтад тулж очих:  Их ус  юм уу, эсвэл, өндөр хясаа юм уу, аль эсвэл, том хашаа ч байж болох. Энэ хаалт амьдралд эргэн ирэгсдэд  тэр бүр саад болдоггүй.

10.  Маш ховор тохиолдолд, хот, номын сан, аль эсвэл хүлээн авах станц маягийн зүйл рүү орох.

11.  Амьдралд буцах эсэхээ шийдэх.  Энэ шийдвэр сайн дурын ч байх,  бас сайн дурын биш байж болох нь.  Буцахаар шийдэх нь ихэвчлэн дуусгаагүй ажил, зорилго, хариуцлагатай холбоотой байдаг.

12.  Амьдрал, биеэдээ эргэж орох. Ингэсний дараа тухайн хүний оюун санаалаг байдал, хандлага  (spirituality) их дээшилсэн байна. Ихэвчлэн тухайн хүний амьдралд онцгой мэдрэхүйц өөрчлөлт гарна.

Эгэл хүмүүcийн үхэх агшиндаа мэдэрсэн тэр гэрэл, дуу авиа, бидний мэдэхээс хэтэдсэн оршихуйн тухай үе үеийн гэгээтнүүд их тод тодорхой хэлснийг эх сурвалж бичигт тэмдэглэж үлдээжээ. Эхэнд аялгуу (үг, дуу авиа) байсан. Тэр аялгуу бурхантай хамт байсан. Тэр аялгуу бурхан  байсан (John 1:1 in 1611 King James Bible). Бурхан  диваажины ч, энэ дэлхийн ч гэрэл юм. Бурханы гэрэл хананд бэхэлсэн дэнлүү тас харангуйд асаж буй мэт,  шилэн хоргонд асаж буй зул мэт,  бас шөнийн тэнгэрт гялалтгах  од мэт...(Sura XXIV-light, Koran, by Rev.G. Margoliouth). Коранд дүрсэлсэн энэ гэрлийг “навчинд унасан шүүдэр өглөөний наранд гялтганах мэт” хэмээн зүйрлэж бас болох мэт санагдав.  Шагжамуни Будда транценталь хүчээрээ хэдэн зуу, мянган нарны цацраг нийлж гэрэлтүүлсэн гэрэлтэй дүйцэхүйц гэрлийг өөрийнхээ духнаас гаргаж, Диваажин (Buddha-land)-г гэрэлтүүллээ…(The Surrangama Suttra, p 38, translated by Upasaka Lu K'uan Yu). Бүх ертөнц нэг л Аялгуу (Sound)-г хэрэглэдэг нь нэн сайн хэрэг. Энэ аялгуунд суралцаж дадлагажих. Тэгсэн цагт бидэнд өөр хэл хэрэггүй. Дотоод аялгууны гэх энэ нэг л хэлээр бид харилцаж чадна... Энэ аялгуу хэлийг хүмүүс өөр өөрийнхөө түвшнээрээ л барьж, ойлгодог юм (The Supreme Master Ching Hai, 1991, The key of Immediate Enlightenment 1, p111).



Түвдийн ч, Швединборгийн ч, бас Грекийн ч үхлийн номонд үхэхэд явагддаг үзэгдлийг тодорхой тайлбарлажээ. Тайлбарын үндсэн агуулга нэг л ижил бөгөөд “бараг л үхээд эргэн ирэхсэд”-ийн ярьсантай утга агуулга ойролцоо аж. Түвдийн сургаал ёсоор үхэхээс эхлэж дахин төрөл авах хүртэлх үеийг бардо гэх бөгөөд энэ мөч долоон долоон хоногт багтаж явагдах аж. Харин Швединборгийн сургаал ёсоор энэ үзэгдэл гурван үечлэлээр явагдах юм.  Өнөө цагт бидний дунд амьдарч буй Төгс гэгээрсэн их багш Чин Хай 1992 онд ЮНЕСКО-д тавьсан “Дэлхийгээс хэтэдсэн чандын чин үнэн ” (The mystery of the World beyond) илтгэлдээ “Энэ дэлхийн амьдралыг та бүхэн надаас сайн мэдэх биз ээ. Энэ дэлхийн гадна өөр зүйлүүд бий, түүний тухай ярья. Энэ нь ч та нарт сонин байж мэднэ...” гээд  энэ дэлхийгээс хэтэдсэн чандын оршихуйн 5 түвшин, тэдгээрийн гайхамшигт шинж чанарыг тайлбарлажээ.  Тэрээр   мөн  “Бүх их Багш (Masters) нар тав дах түвшнээс ирсэн. Хэдийгээр тэдний түвшин 5 –аас өндөр ч гэлээ тэд тэнд байдаг. Энэ түвшин бол тэдний орших өргөө нь юм” гэж ээ (Supreme Master Ching Hai,  The Key of Immediate Enlightenment, pp 10-26). Энэ цагийн  эмпирик судалгааны үр дүн, дүгнэлт  цаг, цагийн энгүй гэгээнтний хэлсэнтэй, мэдэрсэнтэй нь дүйцэж, нийцэж  байгаа нь  чинхүү гайхам, бас гоё.

“Нэг л амьдрах хорвоо”, “Хоёр ч амьдрах биш дээ” гэж дуулан дурлаж, иймэрхүү л жаягаар авирлаж амьдрах болсонд өнөө цагт “Үхснээрээ төгсдөггүй, бас дуусдаггүй” гэх нь содон сонсогдож,  худал, хуурмаг мэт бодогдох биз ээ. Гэлээ ч болсон бодит  явдал, үлдээсэн үнэн баримтыг үгүйсгэж, харин, үл чадах билээ, бид. Иймд та үхснээрээ  төгсчихгүй нь, бас дуусчихгүй нь.

                                                                                                                       Ц.Лувсандорж


МАНАН


МАНАН

Дэлхийн бөмбөрцөгийн өмнөд хагаст Австрали хэмээх нэгэн улс бий. Энэ улсын  урд хэсэгт  Аделайд гэдэг гүнж шигээ хөөрхөн нэг хот бий.  Замыг нь  эхэлж  тавиад хотыг  дараа нь бүтээсэн болохоор  энд хүн аж төрөхөд нэг л эвтэйхэн, аятайхан, духтайхан.  Тэнгэр нь  цэлмэг, гудам нь цэвэрхэн,  хүмүүс нь далай шигээ цалигсан сэтгэлтэй улс. Байнга  л инээж явах. Таарсан бүхэнтэйгээ л аль  хэзээний танил хүн шиг “ За, сайн биз дээ, хө (Gday, mate)”  хэмээн дотночилно.   Гэтэл энэ хотод нэг удаа манан буув.  Энэ мананд хотын  амьдрал бүхэлдээ манарч эхлэв. Хүмүүс ч дүнсийж гарав.

Буух ёстой онгоц буусангүй. Ирэх ёстой онгоц ирсэнгүй, манангаас л болоод тэр.  Яг л цагтаа явдаг галт тэрэг, автобус хоцордог болов. Зарим ч бүр явахаа ч болив.  Машин  асахгүй болж, аслаа ч хөдлөхөд бэрх.  Ихэнх сурагч ирж амжаагүй тул сургууль, цэцэрлэг ил хул.  Ихэнхи хүмүүс ирж амжаагүй тул ажлын байр ил хул. Манангаас л болоод тэр. Хүн үгүй тул ажил үгүй болж эхлэв. Ажил үгүй болсон тул аж амьдрал ч дордох шинжтэй.  Ажилладаг дэлгүүр хоршоо ч багасав, ажиллаа ч нэг л дүнсгэр, хөндий.  Цахилгаанч  үе үе тасрах нь  элбэгжив, энэ өдөр. Манангаас л болоод тэр.   

Нэг өдрийн мананд  хөөрхөн” гэгддэг Аделайд  нэг л муухай мэт болчив.  Тэнгэр нь нэг л саарал.  Гудам нь нэг л бүүдгэр. Хүмүүс нь нэг л баргар. Бүр   Gday, маte”  гэдгээ ч хэлэх  ч завгүй дүнсгэр.  Гэвч маргааш болно, манан арилна.

Манан арилахад тэнгэр цэлмэж, гудам өнгө орж, хүмүүс  далай шигээ сэтгэлээрээ дахиад л  “Gday,mate”-ээ хэлж эхлэв, манан замхарсан болохоор тэр шүү дээ. Өчигдрийн буусан мананд  Аделайдчууд сэтгэл  ингэж өвдөж манарав.

Аделайдчууд, харин, их азтай, одтой улс.  Тэнд манан тэр бүр буудаггүй болохоор тэр.  Гэтэл нилээд манантай улс, хот ч гэж байх. Бас 20 жилийн турш манарсан  улс, хот ч байдаг аж. Ийм улс -хот, хот-улсын тэнгэр нь цэв цэлмэг  байлаа ч  саарал л  харагддаг гэсэн.   Гудмыг  цэвэрлээд цэвэрлээд ч бүүдгэр л үлддэг гэсэн. Хүмүүс нь цэл залуу байлаа ч хөгшин мэт аяагладаг гэсэн. Бас унжигар, урвагар, огт инээж үзээгүй мэт авирладаг гэнэ лээ.  Мөн улсынх нь ч, хотынх ч аж амьдрал мананд манарсаар л байдаг гэнэ лээ. Энэ нь угтаа жам бус ч жам юм л шиг болчихсон байдаг гэв үү. Мананд дунд манарсан, мансуурсан улс-хот, хот-улсад харин авлига, ажилгүйдэл, архидал нь ёстой цэцэглэж өгдөг гэнэ лээ.  Бас хүний мөс ч их хөрдөг гэв үү.

 Буусан манан сарнидаг нь байгалийн жам. Манан сарниж, тэнгэр цэлмэхэд хүмүний  сэтгэл баясдаг нь харин хүний зан.

Ц.Лувсандорж

2012 оны 5 дугаар сар 25- ны өдөр



Тайлбар: Аделайд (Adelaide)- хэмээх нэгэн гүнжийн нэрээр энэ хотыг нэрлэжээ.

ХЭРЭГГҮЙ ӨНГӨТ ЦААС


                                            ХЭРЭГГҮЙ ӨНГӨТ ЦААС


Цаас бүр л уг нь их хэрэгтэй юм. Цаасыг хүний амьдралыг тэтгэгч модоор хийдэг болохоор мөн тэр бас хайрлан гамнах эд. Гэвч энэ хайран, хэрэгтэй цаасыг огт хэрэггүй болгодог тохиолдолд хаяа бас байх, энэ монголд. Хэрэггүй улаан цаас, хэрэггүй хөх цаас, хэрэггүй ногоон цаас гэж байна, энд.

Хэрэггүй улаан цаас бол чухамдаа үндэслэлгүй амлалт, хэрэггүй улаан мэдээлэл, улаан галзуу сэтгэлгээ, улайрсан бодлыг тээсэн улаан цаас.

Хэрэггүй хөх цаас бол нь бас л үндэслэлгүй амлалт, хэрэггүй хөхөрсөн мэдээлэл, галзуу хөөргөн сэтгэлгээ, хоосон бодлыг агуулсан хөх цаас.

Хэрэггүй ногоон цаас гэдэг нь мөн л үндэслэлгүй амлалт, хэрэггүй ногоорсон мэдээлэл, ядуу ногоон сэтгэлгээ, ногоорсон бодлын илэрхийлэл ногоон цаас аж.

Үнэн бол үнэн, угтаа тэр өнгөгүй юм. Ийм үнэнд улаарч, хөхөрч, ногоорч хүрч үл чадах. Харин тэр үнэнд ухаарч, сэхээрч, чадвал, гэгээрч л хүрч болох аж. Хэрэггүй өнгөт цаас гагцхүү ухаарал, сэхээрэл,гэгээрлийн дүнд л хэрэгтэй өнгөгүй цаас болно. Ингэж ухаарч, сэхээрч, гэгээрэхэд харин ухаарсан, сэхээрсэн, гэгээрсэн ганц ч болов хүн л хэрэгтэй, харин
өнгөт нам огт.



Ц.Лувсандорж

УЛС, НИЙГМЭЭ ХАЙРААР, ЁС ЗҮЙГЭЭР УДИРДА, ЭС ЧАДВААС...


УЛС, НИЙГМЭЭ ХАЙРААР, ЁС ЗҮЙГЭЭР УДИРДА, ЭС ЧАДВААС...

(Бодол, эргэцүүлэл)

Авлига бол нийгмийг там болгох хэрэгслэл мөн. Тэгэхээр түүнтэй тэмцэхгүй байхын аргагүй. Тэмцэх нь тун зөв. Сайн тэмцэх ёстой. Гэхдээ ардчиллыг буруу хэрэглэсэн шигээ авлигатай тэмцэнэ  гэдгийг   буруугаар ашиглаж үл болох.  Дээр нь бидний үйл бүхэн хүнлэг байх ёстой. Хүмүүнлэг нийгэм байгуулна хэмээн тунхагласандаа бус харин зүгээр л хүмүн  заяаг олж төрсөндөө  тэр. Хүнлэг, өрөвч байж, хүний хийсэн хуулиас илүүтэйгээр ертөнцийн хуулийг их хүндэтгэдэг байх нь чөтгөрлөг бус харин хүнлэг ёс бус уу.

Бусдыг болон өөрийгөө зовооно гэдэг их буруу. Авлига эцэстээ өрөөлийг төдийгүй  өөрийг нь их зовоох  үйл тул түүнээс хүн бүр л хол байх хэрэгтэй юм.  Хөлс дуслуулаагүй зүйлийг авахгүй байх нь  авлигагүйн ёс зүйн, бас ёс суртахууны эхлэл. Энэ эхлэл гэр бүлд эхэлж, нийгэмд түгэх вий дээ.

Улс орон, нийгмийг  хайраар,  ёс зүй, ёс суртахуунаар л удирдаж байж гэмээнэ тэр зөв болж мэднэ.  Хүний хийсэн хууль гэдэг угтаа хэн нэгэн хүний хүсэл, сонирхол, эрх ашгийн илэрхийлэл байдаг тул уг чанараараа, тэр нийгэмд зөрчил, үзэн ядалт, өс хонзон бий болгож байдаг нь жам. Ийм учраас хууль гарах бүрт л цөөнхөн нь сэтгэл хангалуун үлдэж, ихэнхи нь  хуулийг дагахын золиос болж үлддэг. Тэгээд л хууль мөнхийн засаатай байх.  Үүнийг хуулийн дарангуйлал гэдэг. Тэгэхээр ийм дарангуйлсан хуулиар бус харин хайраар, бас хүний ёс зүй, ёс суртахууунаар л улс нийгмээ зөв чиглүүлж байж тэр зөв болох вий дээ.  Авлига муухай гэх тийм ёс зүй, ёс суртахуунтай болчихсон гэвэл  авлигачид гэгдэх этгээдэд оргонох газаргүй олдохгүй аж. Үүнээс илүү шийтгэл гэж байх уу, тэдэнд.

Авлигатай тэмцэж байна гээд авлигын өөр нэгэн шинэ хэлбэрийг бий болгож үл болох. Чинхэвээс авлигатай тэмцэнэ гэдгийн дор төгсгөлгүй өшөөн авалт, өс хонзон, үзэн ядалтыг баян 1 -хувийнхны дунд бий болгож, дүнд нь улс нийгэм эцэстээ их хохирч үлддэг нь түүх.  Ийм тэмцэл дуусдаггүй, аюултай.  Тэгэхээр ганцхан оносон зам нь тэднийг зүгээр л орчих,  тэд бидэнгүйгээр үйлийнхээ үрийг эдэлнэ, эрт, орой, хэзээ нэгэнт цагт. Бас тэднийг  уучил, өрөвд, хайрла. Угтаа тэд хүний хийсэн хуулийн , нийгмийн, шуналын, хүслийн золиос юм шүү дээ. Үхэхдээ үүрээд явах юм шиг л албан тушаал, нэр хүнд, эд хөрөнгөтөнд тэмүүлж байгааг нь хараад бас өрөвд, тэднийг.  Нэгэн цагт тэд ухаарч, уучлал гуйх дамжиггүй биз.



Улс  орноо хайраар, ёс зүйгээр удирда. Тэгэж гэмээнэ онож мэднэ, эс чадваас төгсгөлгүй тэмцэл, хорсол, өшөө авалт, өс хонзон үргэлжилсээр л байдаг нь харин түүх.



Ц.Лувсандорж

2012 оны 5 дугаар сарын 17-ны өдөр