Sunday, May 12, 2024

монгол таван анжел

 МОНГОЛ ТАВАН АНЖЕЛ

Эрдэнэт таван хошуу мал маань монголын эрхэм таван анжел юм.
Тэдний дуу нь хүртэл авралынх, дуулах нь хүртэл анжелийнх.
ИН -ЯН ИН-ЯН ИН-ЯН-г уянгалуулдаг адуу нэг анжел. Адуу анжелийн энэ аялгуу бидэнд ухаарал, хүч тэнхээг хайрладаг.
БҮҮ АЙ , БҮҮ АЙ БҮҮ БАЙ гэж бүүвэйлэх тэмээ нэг анжел. Тэмээ анжелийн тэр аялгуу бидэнд уяхан зөөлөнг түгээдэг.
ОМүү ОМүү ОМүү-ийг дууддаг үхэр нэг анжел. Үхэр анжелийн энэ аялгуу бидний сөрөг бүхнийг үргээж сэтгэлийн амгаланг сэргээдэг.
МАЙ МАЙ МАЙ (ав,ав, ав) гэж майлах хонь, ямаа бас нэг анжел. Хонь, ямаа анжелийн энэ аялгуу бидэнд өгөхийг үнэнг номлодог.
Монгол таван анжелаа сонс. Тэд бидэнд зориулж дуулж байна.
Монгол таван анжелаа ажигла. Тэд бидэнд номлол айлдаж байна.
Монгол таван анжелаа бишир. Тэд бидэнд өгөхийг үлгэрлэж байна.
Монгол таван анжелаа шүт. Тэд биднийг тэнгэрлэг аялгуугаар тэтгэж байна.
Монгол таван анжелаа хайрла. Тэд биднийг нөхцөлгүй цэвэр тунгалаг, эгнэшгүй хүчирхэг хайраараа хамгаалж байна.
Монгол таван анжелаа л иймд бүү ид.
Ц.Лувсандорж
2024 оны 5 дугаар сарын 13-ны өдөр

Wednesday, June 5, 2019

Орчлонд хүүхэд од болох гэж ирдэггүй

   Орчлонд хүүхэд од болох гэж ирдэггүй
 
 
Энэ цагийн монголчууд бид нэг зүйлийг тун их анхаарах хэрэгтэй болсон байгаа юм. Энэ нь жам ёсоор амь зуух, орших, одох. Ингэх нь ийм л хэмнэлтэй явна гэсэн үг л дээ.
Хүүхэд эхлээд жаахан суралцана. Дараа нь хүнд тусдаа ямар нэгэн зүйл хийж сурна. Хөдөлмөрлөнө. Хөдөлмөрлөж хөлс урсгаж амьдрах нь хүний амьдралын жам ёс юм.
Хөлсгүйгээр, хөдөлмөрлөхгүйгээр амжилт гэнэт бууж ирэхгүй. Байвал их эрсдэлтэй. Тэгэхээр ингэж сурч хөдөлмөрлөж байх зуурт нь тэдэнд ухаарал ирнэ. Тэгэхэд тэд маань 30 дөхсөн байх.
Тэгээд л айл болох гэж, үр хүүхдээ өсгөх гэж бужигнаж түжигнэж байтал 40 гарна. Ухаарал дээр нь өнгө зүс гандаж гундана. Бас нэг өөр мэдрэмж эргэнэ.
Орших, одохыг эргэцүүлж эхэлнэ. Тэгэж байтал өөрсдийнх нь үр хүүхэд өсөж тэд нь өөрийнх нь туйлсанг л туулах гэж явааг хараад тэднийгээ өрөвдөж, тэднийгээ чадахаараа л түшихийг хичээнэ. Тэдэндээ санаа зовно.
Ингэж байтал 50 гарна. Тэр үед юм бүхэн зөөлөн, уяхан болно.
Үрсээ ийм л хэмнэлтэй замаар замнах жам ёсыг тэдэнд өнөөгийн монголчууд бид их зааж сургах, хөтөлж чиглүүлэх хэрэгтэй байна даа.
 
Нэг л их од болох, од болгох гэж яарсан, сандарсан улс байх юм. Аливаа зүйл жам ёсоороо байвал эцэстээ төв, зөв байх. Жамаас гажсан бүхэн их эрсдлийг дагуулж байдаг.
 
Дэлхийн тэр нялх попууд, одуудын амьдрал мөн ч харамсалтай, эрсдэлтэй өнгөрч байгааг сонсож л, ажиглаж л байгаа биз дээ.
Нас насандаа зарах биологи, хэмнэл, орчил, эрчим гэж бий. Түүнийгээ л дагах. Орчлонд хүүхэд од болох гэж ирдэггүй юм.
Манай улсын энэ олон ТВ-үүд хүүхэд мисс, хүүхэд дуучин, хүүхэд модел, хүүхэд од, хүүхэд загвар өмсөгч гэх зэргээр тэднийгээ жамаас гаргаж буруу зам луу хөтөлж мэдэх маш олон эвгүй хөтөлбөр, уралдаант тэмцээнийг зохион хэрэгжүүлж ирсэн. Монгол маань дан ганц уралдаан, тэмцээний улс биш шүү дээ. Иймд хүүхэд залуусынхаа гүйцэж амжаагүй ухаан, ургаж амжаагүй биеийг гамна, хайрла. Тэднийг од болгох гэж үү яар л даа. Мөнгө, ашгийг хүүхэд, залуус, бусдыг хохироохгүйгээр ол л доо. Хүүхэд, залуусаа жам ёсон зам дээр нь үлдээ л дээ.
Мөн манай улсын боловсрол нөгөө олон олимпиад, уралдаан тэмцээнээр хүүхдийг мөн ч их хохироож, зовоож байна даа. Тэднийгээ сурах баясал болох тэр зам дээр нь байлга л даа. 
Хүүхэд залуусдаа бид яарч од болохыг биш харин яаж орших, хөлсөөр хэрхэн аятайхан хөдөлмөрлөж амьдрахыг л заая, сургая, үлгэрлэе, хүмүүс минь!
Хүн болж ирнэ гэдэг ховорхон тохиол. Энэ ховор заяагаа зөв үйлээр тэтгэж оршин, одож чадвал тэр энэ насны утга учир мөн. Ингэж чадваас тэр ёстой жинхэнэ ашиг, жинхэнэ ялалт, жинхэнэ од мөн.
Хүүхэд, залуусаа иймд нийгэм ч нь, бизнесийнхэн нь ч, ТВ-үүд нь ч, энэ олон хувийн хийгээд улсын сургуулиуд нь ч хайрла, гамна. Хамгаал. Бид бүгд хүүхэд байсан. Бас залуу явсан.Тэгэж эргэцүүлж тэднийг хайрла.
Орчлонд хүүхэд од болох гэж ирдэггүй.
 
Ц.Лувсандорж

"Архигүй хүнсний дэлгүүр" бодлого хэрэгжүүлээч!

"Архигүй хүнсний дэлгүүр" бодлого хэрэгжүүлээч!

Архийг хүнсний дэлгүүрээс тусад нь байлгах лав л 7 энгийн үндэслэл, шалтгаан байна. Үүнд:


1. Архи хүнс биш.Харин хор юм.


2. Архи идээний дээж биш. Харин аажмаар тэнэгжүүлэх аймшигт хор мөн.

3. Архи талхтай зэрэгцэж байж үл болно. Учир нь архи талх шиг хүний хүнсний үндсэн хэрэглээ биш.

4. Архийг хүнсний дэлгүүрт хээв нэг байлгаж байгаа нь архийг хүнс шиг үзэж худалдан авч сурах нөхцлийг гэмгүй хүнд аажмаар бүрдүүлж байгааг нь буруу байна.

5. Архичид хүнсний дэлгүүрт биш харин архиныхтай л байх ёстой. Архи хүнсний дэлгүүр байснаараа хэл ам нь ч мэдэгдэхгүй болтлоо согтсон атлаа дээрэлхүү, түрэмгий авираараа, архин үнэрээрээ гайхуулж байгаа юм шиг хүнс худалдан авагч болон кассчинтай муухай харьцах боломжийг архичдад олгож байна. Ийм боломж тэдэнд байх ёсгүй. Буруу.

7. Хүнсний дэлгүүр хүнд ойр байвал тустай, харин архиных бол түүнээс хол байвал ачтай болно.

Энэ мэтээр архи хүнсний дэлгүүрт байх ёсгүйн 7 биш харин 70 шалтгааныг маш хялбар дурьдаж болно. Тэгэхээр архийг хүнсний дэлгүүрт зарж үл болохын хангалттай шалтгаан хүн төрөлхтөнд байна. Ийм учраас архи, дарсны дэлгүүр нь хүнснийхээсээ тустай байдаг улс орон ч дэлхийд олон бий.

Чингэвэл, архиар амьсгалсан өнөөгийн монголд архиа хаанаас, яаж авах вэ гэж үү? Хариулт их энгийн.

Архины дэлгүүрээсээ авна. Тэр нь харин хүнсний дэлгүүр биш гэсэн үг.

Архины дэлгүүр хүнсний дэлгүүр шиг улаан үүдэн дээр тань байвал зүгээр гэж үү?
Үгүй.
Тэгвэл хаана гэж?
Хүнсний дэлгүүрийн зэрэгцээ л лав биш.

Тэгээд хаана гэж?

Архины үйлдвэрийн улаан үүдэн дээр нь архины дэлгүүрийг байлгадаг болбол ер нь яаж байна. Хэрэглэгчид нь улаан үүдэн дээр нь улаан цайм элдэвлээд л... Ухааралтай биш гэж үү!

Архийг хүнс юм шиг бодож хэрэглэгчийн яг улаан үүдэн дээр нь байгуулдаг хүнсний дэлгүүрт зардаг энэ хорон хордуулах бодлогоо больж харин "архигүй хүнсний дэлгүүр" бодлогыг хэрэгжүүлцгээе!

Хүнс хол байхад хүн өлсөнө. Харин архи хол байхад тэр айлтгүй. Харин ч OK.

Ц.Лувсандорж

2019 оны 6 дугаар сарын 2-ны өдөр

Friday, July 18, 2014

МОРИНЫ ХӨӨРХИЙ ХҮҮХЭД

МОРИНЫ ХӨӨРХИЙ ХҮҮХЭД

Бие, оюун, сэтгэлийн хөгжлийн “цэцэг” лугаа   үе хүнд бий.  Хүний энэ цэцэг үе нялх, балчир, бага, өсвөр, ер нь хүүхэд нас. Хүүхэд нас  иймд цэцэг лугаа харгүй цагаан, гэмгүй гэнэхэн, хөөр баясал,  гэгээн хайр.   Цэцэг  ертөнцийн үнэн хууль дор  боловсорч ургадаг нь байгалийн жам.  Хүүхэд  чин хайр, энэрэл халамж дор өсөж торнидог нь хүмүүний ёс.  Гэвч цэцэг лугаа хайрлам нас, хайран амь биеэ хөлсгүй ажилд хүчээр зүтгэж өнгөрөөх хөөрхий нэгэн бүл хүүхэд, хүүхэд бүл монголд байна. Энэ бүлийн царай гандмал, харц гундмал, дуу ядруун, бие давжаа. Энэ бүлд эрх үгүй, харин эзэн, ноён, ашиглаач олон;  хамгаалагч, өмгөөлөгч, халамжлагч  цөөн. Золиослогдсон ийм нэгэн хөөрхий бүл хүүхдийг ардчилсан гэх монголд морины хүүхэд гэдэг.
Морины хүүхдийн амь, бие цэнэгүй
Хурдан морь унаж холын зайнд уралдах нь хүүхэд бүү хэл, насанд хүрсэн хүнд хүртэл аминд  аюултай, биед халтай үйлдэл юм. Иймд учраас уралдааны морь унах  нь нарийн мэргэжил болдог. Амь насанд эрсдэлтэй тул энэ мэргэжил өндөр цалинтай, хууль эрх зүйн нарийн зохицуулалтай. Мориноос унаж бэртэх, амиа алдах, уралдаанд морь амжилттай давхих тохиолдолд талууд ямар үүрэг, хариуцлага хүлээх,  шагнал, бооцойгоо хэрхэн хуваахаа гэрээ,хэлэлцэлдээ  яг таг нарийн зааж өгсөн байх.
Австралид байхдаа  давжаа биетэй, дунд эргэм настай, таяг тулсан нэгэн эртэй  хөрш байлаа.  Цагийг нөхцөөж элдвийг л хөөрөх.  Нэгэн удаа “Та чинь яагаад таяг тулчих ваа” гэж асуухад тэрээр “Би уралдааны морь унагч.  Энэ ажлыг олон жил хийж байна. 2 жилийн өмнө мориноос унаж, ташаагаа гэмтээсэн. Одооноос таягтай явж эхэлж байна даа” гэв.
Тэгэхэд нь би залгуулж “Австралид эмнэлэгийн үйлчилгээ чанартай ч, их үнэтэй. Тэгэхээр та эмчилгээндээ нилээд хэдийг зарж дээ” гэж яриа өдөхөд, тэрээр “ Эмчилгээний зардал надаас гардаггүй, харин эрүүл мэндийн даатгалын сангаас төлнө.  Бас эмчлүүлж байх хугацаанд морины эзэн надад сарын цалинтай тэнцэх мөнгө төлдөг. Хамгийн гол нь мөнгө биш, харин биеэ гэмтээхгүй, амиа алдахгүй байх л хамгаас чухал  юм даа” гэж билээ.  Тэрээр мөн цааш нь “Босс (морины эзэн)-ын гол хийх зүйл бол түрүүлэх чансаатай морийг олж худалдан авах.  Үлдсэн нь багийн ажил. Багийн ажил тул амжилтын үр дүн болох шагнал, бооцойгоо  оролцоогоороо л хувааж авдаг” гэж ярихад нь би угтуулж “Унасан морь тань түрүүлсэн тохиолдолд ойролцоогоор хэдийг авах бэ” гэж сонирхоход  тэрээр  “Морь унагч шагнал, бооцойныхоо 20-30 хувийг авдаг. Бас сарын цалингаа авна. Нийлээд ирэхээр хангалттай мөнгө  ш дээ” гэж билээ.
Морь уралдуулах нь иймд соёл, уламжлал гэхээсээ илүү  ашгийн  төлөөх уралдаант үйл, бизнес юм.  Тэгэхээр тэр хүүхдийн үйл огт биш харин шийдвэртээ эзэн нь байж чадах зөвхөн насан хүрэгчдийн ажил, үйлдэл. Монголд  ч  энэ бизнес  уг чанараараа өдөр, шөнө, өвөл, зун гэлтгүй л цэцэглэн хөгжиж байна.  Энэ нь буруу биш байлгүй, мөнгөжилтийн нийгэмд.  Гэвч энэ бизнесдээ гэмгүй хүүхдийг гэмтэй ашиглаж байгаа нь л харин ёстой, гарцаагүй буруу, яах  аргагүй  монгол гажиг.
Энэ буруу үйлдэл, тэр  монгол гажгаас болж арав арваар тоологдох хүүхэд алтан амиа алдсанг, зуу зуугаар хэлэгдэх хүүхэд эрдэнэт биеэ хэмхэлснийг; мянга мянгаар дурсагдах хүүхэд өсөх насандаа морины нуруунд дээр бөмбөгдүүлж явсныхаа гай, горийг давжаарч хэмхэрсэнг биеэрээ,  хоцорч харшсан оюунаараа, гандаж гундсан сэтгэлээрээ эдэлж явааг бодит олон түүх, болсон олон явдал цагаас цагт үеэс үед гэрчилнэ.
Ардчилал, хүний эрх хэмээн айхалсан он жилүүдэд  гэхэд л мориноос унаж алтан амиа алдсан морины хүүхдийн  тоо олонд мэдэгдснээр лав л арав хол гарсан.  Мориноос унаж нуруу нугас, тархи толгой, гар хөл, шүд амаа гэмтээж биеэ хэмхэлсэн хүүхдийг  тоолоход ч тоймгүй. Дүн өвлийн тэс хүйтэнд морь уралдаж нүүрээ хөлдөөж, чихээ тасдаж, нүдээ царцаасан морины хүүхдийн гунигт тохиолдлыг тоолоход ч бэрх,  бодоход ч аймшигтай. Нялхаасаа мориных болсон  хөвүүн арав ч хүрэхгүй насандаа өвгөдийн гэх түрүү булчирхайн үрэвсэлд өртөж хүүхэд “өвөө” болдог бодит үнэнг сонсоход ч гунигтай,  харьцуулахад ч гутамшигтай.
 Алтан амиа алдсан хүүхдэд  хэн амь өгөв өө. Эрдэнэт биеэ хэмхэлсэнд хэн эрүүл бие барив аа.  Цэцгэн насныхаа бие, оюун, сэтгэлээ золиос болгож орхисондоо насан туршдаа гунихарж яваад хэн цэцгэн насныхаа гэгээн дурсамжаа дурсгав аа.
Хөөрхий морины хүүхдийн алтан амиа үнэгүй юу, тэдний эрдэнэт бие нь цэнэгүй юу, энд.   Цэцгэн насны гэгээн дурсамж, хайр, халамжтай явах хувь үгүй юу,морины энэ хэдэн хөөрхий хүүхдэд.
Морины хүүхдийг ашиглаач олон
Монгол даяараа л морины хүүхэд, хурдан морины хүүхэд гэж шуугих. Морины хүүхэд уг нь хүний хүүхэд л дээ.  Гэвч тэд одоо хүнээр биш харин мориор овоглох хүртлээ морижсон байгаа юм. Морь унах нэрээр өвөл зунгүй, өдөр шөнөгүй  зарагдаж буй тэр хүүхдийн харцанд нь нэг л хайр дутсан, гийнгоонд нь нэг л хөг алдарсан,  биеэнд нь нэг л тэжээл дутсан, нүүр нь их л наршиж гандсан, ходоод нь их л өлсөж цангасан, бие нь их л харшиж давжаарсан харагддаг.  Олон эзний нэг зарц болохоор   энэ л дээ,хөөрхий. Бас олон хүнд олон янзаар буруугаар ашиглагдаг болохоор тэр л дээ, хөөрхийс.
Морины гэх хүүхдийн эцэг эхийн нийгмийн байдлыг судлан үзбэл нэг л зүйл их тодорхой. Морины хүүхэд сэхээтний хүүхэд бүр биш.  Учир нь  сэхээтэн  хүүхдэд эрсдэлтэй, бас эрсдэлгүй үйлийг сайн ялгаж эргэцүүлж чадна аа.
Морины хүүхэд баяны хүүхэд лав биш. Учир нь монгол баян баярхагч, баярхагч гэлээ ч хүүхдээ мориных болгож арай ч баярхахгүй нь мэдээж.
Морины хүүхэд дундажийн хүүхэд ч биш. Дундаж дундаж гэлээ ч тэд хүүхдээ  мориных болгож дундажаас доошлуулж дорд орохгүй нь илт.
Морины хүүхэд иймд гагцхүү ард болж дорд болсон ядуугийн л хүүхэд байх.  Дорд ядуугийнхаа гайгаар ардууд “монгол уламжлал”, монгол соёл”, “ард болсон монгол”, “чингисийн монгол”, “морьтой монгол”  гэх хийрхэлд хөтлөгдсөн нэр дор хөөрхий хүүхдийг хоолноосоо холдуулж, өөрөөсөө зайдуулж ашиглана.  Өөрөөсөө ингэж холдуулахын хамт бас дэлхийд өндөр хөлстэй байдаг ажлыг дэргэдэх нэгэнтэйгээ үнэгүй мэт хөнгөнхөн нууцаар тохирч, хөөрхий хүүхдээр мөнгө хийж буруугаар ашиглана.  Эцэг эх, халамжлан хамгаалагч нь ингэж л морины хүүхдийн анхдагч ашиглаач болох нь энэ дээ,  энэ ард болгосон монголд. 
Ардчилсан монголд хурдан морь ашиг олох, хувь хүнийг ардын дунд танил болгох гэсэн нэн чухал хоёр үүрэгтэй. Ийм учраас тэр монгол баян, монгол “од”-ын бизнесийн нэгэн  үндсэн хэрэгсэл байх.  Морио дагаад л  морины хүүхэд ч монгол баян, монгол “од”-ын баялаг, барлаг болдог. Монгол баян, монгол од ингэж морины хүүхдийн үндсэн нэгэн ашиглаач болох нь энэ  дээ, энэ ард болсон монголд.
Морины хүүхдийг “мориных биш харин  хүнийх ”  гэж үнэн зоригтой хэлж чадах хүн байвал тэр лав л монгол улс төрч биш. Үнэнг ингэж улаан цайм хэлж ард  сонгогчоо алдах тийм  “тэнэг” улс төрч, ийм “үнэнч”  улс төрийн нам ч ер нь хаа  ч байхав дээ.Иймд тэд “морины хүүхэд уулаасаа л хүнийх биш харин мориных” гэх  эсрэг логикийг ёстой уран хөгжүүлнэ дээ.  Тэд  “морины хүүхэд монголын уугуул соёл; хүүхэд унаагүй морины уралдаан монголынх лав биш, за тэгээд цаашилбал,дэлхийн талыг мориор л эзэлсэн, хүүхдийн гийнгоог сонсоход самсай шархихарна, морьтойгоо наалдана, наадна ....”  гэх зэргээрээ хаа хамаагүй хувьсагчийг хольж хутгаж хийрхэнэ, хөөргөнө, уяраана.  Улс төрч ингэж морины хүүхдийг өөрийн карьертэй уран ашиглана.  Эцэстээ тэд бас л морины хүүхдийг буруугаар ашиглаачийн тэргүүн эгнээнд хэдийнээ багтан, манлайлан явах нь энэ дээ,  хүний эрх, шударга ёсыг дээдлэнэ гэх хүмүүнлэг ардчилсан энэ монголд.

Хүүхэд насаа монголынх гэж ард олноо хялбархаан  итгүүлэх, тэдэнд таалагдах нэг сайн арга бол морины хүүхэд болох шахснаа дурсах. Энэ аргыг урлаг, спорт, хэвлэлийнхэн ёстой улаан цайм, улаарч хэрэглэнэ ээ.
Олноо танил гэх нэг эрхэм  саяхаан “Хурдан морийг хүүхэд л унаагүй бол тэр ёстой монгол наадам биш” гэж үндэсний телевизийн дэлгэцнээ ихэд цэцэрхэв.  Бас нэг  нэртэй гэх тамирчин “Хүүхэд байхдаа морь их уралдаж байв. Адуунд тангаруулж өслөө. Энэ нь бараг л сайхан, сайн зүйл байсан, ирээдүйн амжилтынх нь эх болсон” гэж бараг л дэмийрч байна уу гэмээр хөөрөв. Өвлийн тэс хүйтэнд морь уралдан хөлдөөс болох шахсан морины хүүхдээс “морь тань хэр хурдлав даа” гэж асууж тохуурхан их л хүмүүнлэг зогсох эм сэтгүүлч ч олон байх.  Түрүүлж ирсэн морины хүүхдийг түлхэчихээд  зөвхөн л морь, эзэн хоёрыг бахдан сурвалжлах хөтөлбөр ч, олон нийтийн сурталчилгааны хэрэгсэл ч мөн ч олон.  Тэд мориных нь ч, эзнийхэн нь ч эцэг эх, ах дүүс, амраг саданг сурвалжлан сурталчилдаг  хирнээ амь биеэ золиослон, хөлс дуслуулан тэмцэж ирсэн  морины хүүхдийг харуулдагчгүй, нэрийн ч асуудагчгүй, ер нь тооддогчгүй. Морины хүүхдийг тоож харьцах нь, “тэд мориных биш, уг нь хүнийх”  гэж хэлэх нь  их  урлаггүй, аугаа ухаангүй, их соёлгүй болох нь  л дээ. Ингэж хэлсэн нь  ёстой амархан адаглагдана гэдгээ ч бас мэднээ, тэд.  Ийм учраас энэ цагийн урлаг, спорт, хэвлэлийнхэн морины хүүхдийг “мориных” гэж үзэн ерөөсөө тооддоггүй. Ингэж авирласнаараа эцэстээ тэд морины хүүхдийг буруугаар ашиглаачдын бүлд нэгдснээ л нотлон харуулах нь энэ дээ, морины  их соёлтой талын их монголд.
Мориных гэх хөөрхий энэ хэдэн хүүхдийг монгол даяараа л ер нь иймэрхүү байдлаар, өөр өөрийнхөө хэрэгцээ, шаардлага, өнгө үзэмжээр буруугаар ашиглах нь  жам болжээ, бүр соёл ч болжээ, энэ улсад.
Морины хүүхэд эрх үгүй
 “Нүцгэн  хаан хараад тун сайхан, их гоё хувцаслаж ээ” хэмээн  шагнан олууллаа  бахдан хөөрч байхад “Хаан  нүцгэн байна”  гэж үнэн хэлсэн үнэнч хөвүүн лугаа  “морины хүүхэд, морины хүүхэд” гэж ард урд, дээд доодгүй, монголоороо шуугин хийрхэхэд “тэр мориных биш ээ, харин хүнийх” гэж  бодит байдлыг бодит хэлсэн бодит нэг профессор аргаа барихдаа “Хүүхдээр хурдан морь унуулж байгаа нь, мөн энэ үйлдлийг хориглохгүй байгаа нь Хүүхдийн Эрхийн Олон Улсын Конвенцийн нь ч, бас Монгол Улсын Үндсэн Хуулийн нь ч “хүн амьд явах эрхээр хангагдана, хамгаалагдана” гэсэн утга агуулга бүхий олон заалтыг зөрчиж байна” гэсэн үндэслэлээр Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд  ханджээ.  Үндсэн хуулийн цэц үүнийг ихэд судалсны эцэст  “дээрх үйлдэл нь, бас энэ үйлдэл хийгдэхийг хориглохгүй байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчөөгүй  байна” гэсэн “алдарт” нэгэн дүгнэлтэд хүрчээ (Баримт  бий).
 Гэтэл  морины хүүхэд хурдан морь унаж яваад осолдож амиа алдсан бодит олон тохиолдол улаан цайм дэргэд нь байх. Бас хурдан морь уралдах нь хүүхдэд бүү хэл, том хүний аминд халтай, биеэнд хортой, аюултай үйлдэл гэдгийг даяараа  таньж мэдэн, дэлхийгээрээ хүлээн зөвшөөрсөн байх.  
Тэр алдарт дүгнэлт,  энэ бодит байдлыг нэгтгэн үзбэл эрүүл хүн л бол “морины хүүхэд монголд эрхгүй байх нээ, тэр тусмаа амьд байх, амьд явах эрхээр бүр ч хангагдахгүй байх нээ, хамгаалагдахгүй байх нээ” гэсэн утганд амархаан хүрэх биз. Морины хүүхэд тэгэхээр  нээрээ “хүнийх биш  мориных ч юм болов уу” гэсэн эргэцүүлэл, эргүүдэлт бас амархан төрөөд явчих.  Уг нь морины хүүхэд харваас л хүний хүүхэд байх, тэгэхээр тэд бас эрхтэй баймаар. Их л хачин юм даа. Монгол гажиг гэж л ийм байдаг юм байх даа.
Морины хүүхдийн ирээдүй баргар
Өдөр, шөнө, өвөл зунгүй хурдан морьтой зууралдан цэцэгхэн насаа эрхгүй илээдэг, олон эзний ганц барлаг морины хүүхдэд сурах цаг ч бага, боломж ч бас хомс. Ийм ч учраас тэд хүний хүүхэд сурдаг сургуулиас амархаан зайлна, хялбархаан завсардана. Сургууль үгүйд бичиг үгүй. Бичиг үгүйд эрдэм хол.  Харин мунхаглал, бурангуй л ойрхон.
 Хөдөөд бичиг үсэгт тайлагдаагүй залуус элбэгшсэн гэнэ лээ.  Цэрэгт бичиг үсэг үл мэдэгч олширсон гэнэ лээ. Магадлан тэднээс асуувал  ихэнхи нь “цэцгэн насандаа мориных  байсан л  даа” гэж гуниглан суух биз. Морины хүүхдийн ирээдүй монголд ийм л баргар юм даа.
Хүүхдэд ээлтэй цэцэрлэг, хүүхдэд ээлтэй сургууль, хүүхдэд ээлтэй гэр бүл, хүүхдэд ээлтэй байгууллага, хүүхдэд ээлтэй сум, хүүхдэд ээлтэй аймаг, хүүхдэд ээлтэй улс  гээд л хаа сайгүй хачин ихээр хөөрөх.  Амьд явах эрх нь хангагдаагүй, ирээдүй нь баргар бүл хүүхэдтэй; ажлын хөлс нь цэнэгүй, амь бие нь үнэгүй, олон эзний ганц барлаг нь болсон морины хүүхэд бүлтэй, хүүхдийг буруугаар ашиглаач нийгмийн олон бүлэгтэй энэ монголыг хүүхдэд ээлтэй, хүмүүнлэг ардчилсан улс гэж хийрхэхэд дэлхийн зон олон  амархан итгэх  болов уу. Эсвэл бүр “хүүхдэд  халтай”  гэж  халаглан хажиглах болов уу. Яадаг бол ер нь.
Ц.Лувсандорж
2014 оны 7 дугаар сарын 17-ны өдөр


Thursday, November 14, 2013

Theory_and_practice_in_mathematics_teacher_education_


 Please have a look ay this website focusing the article./Theory_and_practice_in_mathematics_teacher_education_final_.pdf


https://www.ucviden.dk/portal-via/files/14221371

Saturday, September 21, 2013

Диваажин бодит


Диваажин бодит
   

 Ерик Пфэйффэр, “Yahoo News”


Энэ үгийг  амьдралын дараах амьдрал (хойд нас)-д аяласнаа нийтэд зарласан нэгэн мэдрэлийн мэс засалч  хэлсэн юм.  Түүнийг доктор Евен Александр гэдэг. Тэрээр Харвардын  Анагаах ухааны сургуульд багшилдаг, нэр хүнтэй мэс засалч. Евен өөрийгөө Христ гэж хэлдэг авч, шашины  гүн итгэл үнэмшил үгүй, тэр тусмаа хойд нас байдаг гэдэгт тэгтлээ итгэдэггүй нэгэн.

Тархины мэдрэлийн бүрхэвчийн үйл ажиллагаа нь алдагдсны улмаас тэрээр 2008 оны намар долоо хоногийн турш ухаангүй байсан аж.  Үүнийхээ дараа тэрээр “ухаангүй байхдаа хойд насны амьдрал, тодорхой хэлбэл, диваажинд очсон, энэ аялал түүний амьдралыг бүхэлд нь өөрчилсөн” хэмээн батлан хэлжээ.
 “Долоо хоногийн мэдээ” сэтгүүлд  тэрээр “тархи, оюун ухааны эдүгээ цагийн мэдлэг, ухаарлын үүднээс үзбэл ухаангүй байгаа хүн “түүний хийсэн ч шиг урт агаад утга төгөлдөр, уялдаа холбоот аялалыг хийх, мэдрэх ямар ч боломжгүй юм” гэж бичсэн байна.
Диваажин тэгэхээр ямархуу харагдав  гэхэд, тэрээр:
“Би эхлээд өөрийгөө үүлэнд дээр хөвж байгаагаар олсон.  Дараа нь тэнгэрт гэрэл цацруулсан, гэрэл нэвтрүүлэм  оршихуй олноороо тойргийн нум шиг байрласан байхын гэрч болсон.  Тэд яг шулуун мэт урт, нарийн гэрлийг ардаа үлдээж байсан” гэж хариулжээ.
Тэрээр цааш нь ингэж хүүрнэв. 
“Огт үзээгүй нэгэн эмэгтэй намайг дагаж, хамгаалсаар байв. Би эдгээр оршихуйтай транцендет хэлээр харгалзуулах аргаар харьцаж  байсан. Тэднээс ирсэн мессежийг бүдүүн тоймоор нэг иймэрхүү байдлаар буулгаж болох юм” гэжээ.
“Та хайрлагдана, хамгаалагдана, ихэд, цаг ямагт”
“Танд айх зүйл байхгүй”
“Танд хийсэн буруу зүйл үгүй”
Тэндээс цаашаагаа,  төгс харанхуй, төгсгөлгүй хэмжээтэй  хэдий ч хэмжээлшгүй ая тухтай нүсэр том орон зай”-д аялаж очсон гэдгээ Александр нотлон хэлсээр. Тэрээр одоо “энэхүү нүсэр том орон зай бол Бурханы орон юм” гэж итгэдэг.
Ухаанд алдалтанд хүргэсэн менингитээс салж, ердийн байдлаар амьдарч эхэлснийхээ дараа  “бурханы оронд зочилсон аялалаар  ухаарсан ухаарлаа өөрийн мэргэжил нэгт нөхөдтэй бус харин сүмийнхэндээ ярьж хуваалцах нь түүнд илүү эвтэйхэн, аятайхан  байсан гэдэг.  Доктор Александр энэхүү ухаарлаа “Диваажингийн нотолгоо” номондоо буулган үлдэхээр шийджээ.  Мэдрэлийн нэрт мэс засалчийн амьдралын дараах амьдралд аяласан аялалын тухай энэ ном аравдугаар сарын сүүлчээр хэвлэгдэж олны хүртээл болох аж.
Тэр одоо ийнхүү бичиж байна. “Би диваажинг ухаарахаас өмнө байсан шигээ л эмч, шинжлэх ухааны зүтгэлтэн байх болно. Гэвч гүн ухаарлын түвшинд би үнэндээ өмнөх Александраас тун өөр болсон. Учир нь би диваажин бодит гэдгийн гэрч болсон юм.   Ажил тань энэ амьдралыг  тань ч, ирэх амьдралыг тань ч залгуулж, залж байх тул түүний өчүүхэн жижиг хэсэг бүхэн хүртэл их үнэ цэнэтэй. Түүнийг тэгэхээр зөв хий. Намайг одоо ингэж  хэлэхэд та бүхэн магадгүй итгэж чадна

Монгол хэлнээ буулгасан Ц.Лувсандорж
2013 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр













Heaven is real, says neurosurgeon who claims to have visited the afterlife


Dr. Eben Alexander claims to have visited the afterlife (Twitter)Dr. Eben Alexander has taught at Harvard Medical School and has earned a strong reputation as a neurosurgeon. And while Alexander says he's long called himself a Christian, he never held deeply religious beliefs or a pronounced faith in the afterlife.
 
But after a week in a coma during the fall of 2008, during which his neocortex ceased to function, Alexander claims he experienced a life-changing visit to the afterlife, specifically heaven.
"According to current medical understanding of the brain and mind, there is absolutely no way that I could have experienced even a dim and limited consciousness during my time in the coma, much less the hyper-vivid and completely coherent odyssey I underwent," Alexander writes in the cover story of this week's edition of Newsweek.
So what exactly does heaven look like?
Alexander says he first found himself floating above clouds before witnessing, "transparent, shimmering beings arced across the sky, leaving long, streamer like lines behind them."
He claims to have been escorted by an unknown female companion and says he communicated with these beings through a method of correspondence that transcended language. Alexander says the messages he received from those beings loosely translated as:
"You are loved and cherished, dearly, forever."
"You have nothing to fear."
"There is nothing you can do wrong."
From there, Alexander claims to have traveled to "an immense void, completely dark, infinite in size, yet also infinitely comforting." He believes this void was the home of God.
After recovering from his meningitis-induced coma, Alexander says he was reluctant to share his experience with his colleagues but found comfort inside the walls of his church. He's chronicled his experience in a new book, "Proof of Heaven: A neurosurgeon's journey into the afterlife," which will be published in late October.
"I'm still a doctor, and still a man of science every bit as much as I was before I had my experience," Alexander writes. "But on a deep level I'm very different from the person I was before, because I've caught a glimpse of this emerging picture of reality. And you can believe me when I tell you that it will be worth every bit of the work it will take us, and those who come after us, to get it right."