Sunday, May 4, 2025

АРДЧИЛЛЫГ БУЛШЛАГЧИД

АРДЧИЛЛЫГ БУЛШЛАГЧИД

Демограси (демосгасу) гэдэг энэ Грек үг олны хүч гэсэн утгатай. Бурханаас бусдыг захирахаар томилолттой  ирсэн дээд заяатай гэгч хаан, хатныг   удирдагч,  хаант засаглалыг  төр засгаа гэж  үг дуугүй зөвшөөрч ирсэн түүхэн бурангуй ёсыг удирдагч, төр засгаа сонгууль гэгч  аргаар олны хүчээр байгуулж болохыг сэтгэгчид бүүр эрт цагаас ярьж ирсэн авч энэ нь гагцхүү 1789 онд эхэлсэн Францын хувьсгалаар түүхэнд анх удаа бодит биелэлээ олсон юм. Монгол хэлнээ энэ үгийг нийгмийн урд яваагаасаа  ард хоцорсон нь түүхэнд олон байж ирсэн юм даа гэсэн утгаар ардчилал гэж буулгаж хэрэглэж байна (Жич: Үгийн язгуураараа бол олончилол, зончилол гэвэл илүүтэй ононо. Учир нь демокраси гэсэн үгэнд нийгмийн ард хоцорсон ядуусаар төр засгаа байгуулна гэсэн утга байхгүй юм.)

Ардчиллын язгуур утга, үнэн цэн нь иймд эцэстээ олныг хамарсан сонгуулиар олны хүний санал авсан нь олонхийн хүчээр төр засгаа байгуулахад л оршино. Иймд ардчиллыг бэхжүүлж ардчилсан соёлыг тээж явахад 2 зүйл амин чухал юм. Нэгдэх нь олныг хамарсан сонгуулийг шударга явуулах. Нөгөө нь олон хүний саналыг авсан нь ардчиллын ёсоороо олны өмнө хариуцлага хүлээж төр засгаа байгуулах. Харин тэр сонгуулиар цөөн хүний санал авсан нь сөрөг хүчин болж аливаад шүүмжлэлт байр сууриар хандах замаар олны хүчээр удирдагч, төр засгаа байгуулах  хаант бус ёс болох ардчиллыг хамгаалж, ардчилсан соёлыг бэхжүүлж байх хариуцлагатай түүхэн үүргийг хүлээдэг. Ардчиллын ёсоор сонгуулийн дараа олонх болсон нь ч, цөөнх болсон нь ч ардчиллын өмнө ардчилсан ёсоор түүнийг хамгаалах, бэхжүүлэхэд үүрэг хүлээдэг нь иймд  жам ёс болно. Энэ жам ёс алдагдахад ардчилал буруугаар урвуугаар ашиглагдан булшлагддаг.

Ардчиллыг булшлагчид энэ улсад олон байна.

МАН-ын дарга нь Л.Оюун-эрдэнэ нь бол яах аргагүй л ардчиллыг булшлагч мөн. Учир нь ийм юм.

Монгол Улсын Их хурлын 2024 оны ардчилсан сонгуулиар Л. Оюун-эрдэнэ даргатай  МАН гэгч хүчин олон хүний санал авч олонх болж ардчиллын ёсоор яах аргагүй л төр засгаа дангаараа байгуулах эрх, бас үүргийг хүлээсэн байдаг. Гэвч МАН-ын дарга Л. Оюун-эрдэнэ ардчилсан ёсны өмнө хүлээсэн энэ үүрэг, тэр хариуцлагыг умардаж зөвхөн албан тушаал, эрх мэдэлд дурлан, хувиа бодон, муухай монгол авираараа  шүүмжлэлт сэтгэлгээ, хандлагаар ардчиллыг хамгаалж, алдааг засаж ардчилсан төрийг түших үүрэгтэй цөөнхтэй хамтарч засгийн газрыг байгуулснаар ардчилсан сонгуулийн утга учир, үнэ цэнийг улиндаа дэвсэлсэн байдаг. Тийм учраас тэр яах аргагүй л ардчиллыг булшлагч мөн.

АН-ын дарга Л. Ган-төмөр бол бас яах аргагүй л ардчиллыг булшлагч мөн. Учир нь ийм юм.

Монгол Улсын Их Хурлын 2024 оны ардчилсан сонгуулиар Л. Гантөмөр даргатай АН гэгч хүчин цөөн хүний санал авч цөөнх болсноорооо ардчилсан ёсоороо шүүмжлэлт сэтгэлгээ, хандлагаар ардчиллыг хамгаалж, олонхийн гаргаж болох алдааг нь засах замаар ардчилсан төрийг түших эрх, бас үүргийг хүлээсэн байдаг. Гэвч АН-ын дарга Л.Гантөмөр цөөнх байхын тэрхүү үүрэг, тэр хариуцлагаа умардаж зөвхөн албан тушаал, эрх мэдэлд дурлан, хувиа бодон муухай монгол авираараа  олонх болсон хүчний үүрэг, хариуцлага, шалгуур болох  засгийн газрыг байгуулахад нь хам болж хамтарснаараа  ардчилсан сонгуулийн утга учир, үнэ цэнийг улиндаа дэвсэлсэн байдаг. Тийм учраас тэр яах аргагүй л ардчиллыг булшлагч мөн.

ХҮН-ын дарга Т. Доржханд бол бас яах аргагүй л ардчиллыг булшлагч мөн. Учир нь ийм юм.

Монгол Улсын Их Хурлын 2024 оны ардчилсан сонгуулиар Т. Доржханд даргатай  ХҮН гэгч хүчин олонх ч, бас цөөнх ч болж чадсангүй. Олонх ч биш, цөөнх ч биш учраас түүнд олонх шиг төр засгаа байгуулах хариуцлагатай эрхэм үүрэг, хариуцлага оногдсонгүй. Бас түүнд ардчилсан ёсоор цөөнх болж хүчтэй шүүмжлэлт сэтгэлгээ, хандлагаар ардчиллыг хамгаалж, олонхийн гаргаж болох алдааг нь засах замаар ардчилсан төрийг түших эрх үүрэг ч заяагдсангүй. Гэвч ХҮН-ын дарга Т. Доржханд өөрсдийг нь хууль тогтоох дээд байгууллага болох их хурлын танхимд өргөж залсан ардчилсан ёсыг хайрлан хүндэлж, түүнд ихэд талархаж байхсан, уг нь.  Гэтэл тэр гагцхүү эрх мэдэлд дурлан, хувиа бодон муухай монгол авираараа  ардчилсан ёсоор хүлээх эрх үүргийн хувьд өөрт нь огт хамаагүй засгийн газрыг байгуулахад бас хам болж хамтарснаараа  ардчилсан сонгуулийн утга учир, үнэ цэнийг улиндаа дэвсэлсэн байдаг. Тийм учраас тэр яах аргагүй л ардчиллыг булшлагч мөн.

Монголд ардчиллын хүчээр амилсан улс төрийн хүчин хэдэн арваар тоологдоно.  Өөрийг амь оруулсан ардчиллыг ийнхүү дэвсэлж байхад тэдний аль нь түүнийг хамгаалсангүй. Харин ч улс төрийн нам гэгчээр хам болж татвар төлөгчөөр тэжээлгээд, эрх мэдэл мөрөөдөн, хувиа бодон  муухай монгол авираараа  нам жим явж байх нь тэр. Олон татвар төлөгчөөр тэжээлгэдэг атлаа  олонхийн засаглал ардчиллын үнэ цэнийг хамгаалдаггүй улс төрийн хүчин гэгч монгол нам бол яах аргагүй  л ардчиллыг булшлагчдын хамтрагч юм.

Ардчилсан сонгуулийн үнэ цэн ийнхүү утгаа алдаж, ардчилсан ёс тийнхүү цэнгүйдэн ардчилал булшлагдсан улсад олны хүчээр босдог олонхийн засаглал үгүйрнэ. Тэгэхэд  түүхэн музейд түүх болж үлдсэн хаант засаглал л элдэв нэр, элдэв хэлбэрээр эргэж залардаг.

Мега төсөл  хэрэгжүүлэхэд бүү хэл, Монгол улсаа хөгжүүлэхэд ардчилсан ёс  огт саад тотгор болохгүй. Харин ч ардчилсан ёс, олон ургалч үзэл бол аливаа шийдвэрийг оновчтой хийж улс, нийгмээ хаангүйгээр хөгжүүлдэг хөгжлийн түүхэн ганц зам, ганц гарц нь болж ирсэн юм, ардчиллыг булшлагчид аа!

Ц.Лувсандорж

2025 оны 5 дугаар сарын 4-ний өдөр


Tuesday, March 18, 2025

ХАНЬ МИНЬ

                                    ХАНЬ МИНЬ

Харах нүдэнд онцгойрч өлзий барьж гийсэн

Хайрлах зүрхэнд сондгойрч учрал бууж нийлсэн

Хайлах сэтгэлд мөнхөрч хайр болж нэгссэн

Ханьсах заяанд ижилсэж аяс нийлж гэрэлтсэн

           Хорвоод хослох тавилан минь

           Хотолд ганцхан заяа минь

Хийсэх навчинд шингэж бороо болж асгарсан

Будрах цасанд нэвчиж зул болж бадарсан

Эртлэх яргуйд уусаж дөл болж илчилсэн

Шилгээх цэцэгд нэгсэж ээж болж дэлбээлсэн

           Орчлонд  ховор хайр минь

           Олонд ганцхан хань минь                 

Дуудах нэрэнд өнгө өгч шүлэг болж үлдсэн

Дуурсах алдарт утга нэмж  дуу болж эгшиглэсэн

Хагацах зовлонд урагдаж уул болж залбирсан

Холын тэнгэрт уригдаж  үүл болж зочилсон

Эндэхийн ханийн тэнгэр минь

Тэндэхийн холын энгэр минь

Ц.Лувсандорж

2025 оны 3 дугаарын 19-ний өдөр


Monday, March 3, 2025

ҮГ ТАНЬ ҮНЭН ДҮРИЙГ ТАНЬ УРЛАНА

 

ҮГ ТАНЬ  ҮНЭН ДҮРИЙГ ТАНЬ УРЛАНА

 

Үг, үг, үг.  Үг бодлын тань илэрхийлэл. Үг зан үйлийн тань эхлэл. Үг иймд бодлоор тань, зан үйлээр тань өөрийн тань дүрийг  өрөөлийн  хуучин тархины сэтгэл хөдлөл, ой санамжийг захирч байдаг хэсэг  (амигдала)-д дахин хэзээ ч мартагдахгүйгээр урладаг. Үг тань таны үнэн дүрийг тэгэж өрөөлд өгүүлж байдаг. Зурж байдаг.

Өөрийн тань уурсахдаа голыг нь гонзойтол урсгасан, хараалын хар үгээр  иймд өөрийн тань хараалын хар аймшгийн дүр, сөрөг дүр өрөөлийн тархинд бодиттой бүтээгдэн мөнхөрч үлддэг. Өөрийн тань амьдрахдаа магнайг нь хагартал баясгаж хэлсэн сайхан хөг аялгуутай, гэгээн аяс өнгөтэй, гайхам, хайрлам үгээр тань  гэгээн төрх дүр тэнд мөн хайраар тод бүтээгдэн мөнхөрч бас оршдог.

Ийм л учраас  нэгэн цагт 7 тэрбум дундаас хайртай  ганц  минь гэж яваа хайран ганцхан  хайртдаа хараалын хар үгийг голыг гонзойтол санаатай, санаадгүйгээр хэзээ ч бүү хаягла. Тийм үгийг ганц удаа л унагахад л хайртын тань амигдалд таны дүр хараараар  зурагдан аймшгийн бүтээгдэнэ.Энэ нь жам юм.

Амигдала мартдаггүй. Тэгэхээр хайртын тань тархинд  тэгэж  зурагдсан таны аймшгийн хар дүр тань түүнд  хэзээ мартагдахгүйгээр тэнд мөнхөд оршино. Тэндээс таны өөрийн тань л үгээр бүтээгдсэн аймшгийн дүр тодрон, хараараа л мөнхөд дуудагдана. Энэ бас жам юм.

Таны нэрийг сонсоход амигдала хайртад тань аймшгийн хар дүрийг тань хайргүй илгээнэ. Таны утасны дуудлагыг харахад л амигдала хайртад таны аймшгийн хар дүрийг тань найргүй илгээнэ. Таны гэх бүхэнд амигдала хайртад тань аймшгийн хар дүрийг тань хайр, найргүй  илгээнэ. Харамсаар нь, үнэн нь  энэ юм. Амигдала мартдаггүй. Тэр худал авирладаггүй.

        Нэгэн цагт 7 тэрбумын дундаас хайртай ганц минь гэж явсан тэр ганц тань таны уурсахдаа голыг нь гонзойтол урсгасан хариуцлагагүй ганцхан үгээр урлагдан, хэзээ ч салахгүй, хэзээ ч мартагдахгүй таны  аймшгийн хар дүрээс тань нь тээр цагийн хайрт тань одоо айдаг болчихсон байгаа. Ийм үе түүнд ирэхэд  нэгэн цагийн хайрын ганц хайрт тань танаас  хол байхыг, холбоогоо таслахыг харин хамгаас илүүтэйгээр эрхэмлэн хүсдэг, хайрладаг болсон байгаа. Нэгэн цагийн хорвоогийн ганц хайрт тань ийм цаг ирэхэд тэгэж  эс чадваас харин таны өөрийн тань  үгээр  бүтээсэн аймшгийн хар дүр тань түүнийг дотроос нь эрт, хурдан идэж  дуусгана. Ингэдэг нь бас жам юм.

Иймд 7 тэрбумд 1 л тохиолдох хэмжээний ховор, ганц хайртыгаа  олсон, сонгосон  гэж зөнгөөрөө  хэрэв мэдэрч байвал хайртын тань  тархинд өөрийн тань үнэн дүрийг тань хайр, найргүй, яг үнэнээр л тод зурж,  мартагдахааргүй мөнхөлж үлдээх жамтай  хараалын хар үгийг түүндээ голыг нь гонзойтол  хэзээ ч, нэг ч удаа ч  бүү хаягла.

 Үг тань үнэн дүрийг тань өрөөлд  урладаг. Үүнийг  л санаж яв.  

 

Ц.Лувсандорж

2025 оны 3 дугаар сарын 3-ны өдөр

 

 

 

 

Sunday, May 12, 2024

монгол таван анжел

 МОНГОЛ ТАВАН АНЖЕЛ

Эрдэнэт таван хошуу мал маань монголын эрхэм таван анжел юм.
Тэдний дуу нь хүртэл авралынх, дуулах нь хүртэл анжелийнх.
ИН -ЯН ИН-ЯН ИН-ЯН-г уянгалуулдаг адуу нэг анжел. Адуу анжелийн энэ аялгуу бидэнд ухаарал, хүч тэнхээг хайрладаг.
БҮҮ АЙ , БҮҮ АЙ БҮҮ БАЙ гэж бүүвэйлэх тэмээ нэг анжел. Тэмээ анжелийн тэр аялгуу бидэнд уяхан зөөлөнг түгээдэг.
ОМүү ОМүү ОМүү-ийг дууддаг үхэр нэг анжел. Үхэр анжелийн энэ аялгуу бидний сөрөг бүхнийг үргээж сэтгэлийн амгаланг сэргээдэг.
МАЙ МАЙ МАЙ (ав,ав, ав) гэж майлах хонь, ямаа бас нэг анжел. Хонь, ямаа анжелийн энэ аялгуу бидэнд өгөхийг үнэнг номлодог.
Монгол таван анжелаа сонс. Тэд бидэнд зориулж дуулж байна.
Монгол таван анжелаа ажигла. Тэд бидэнд номлол айлдаж байна.
Монгол таван анжелаа бишир. Тэд бидэнд өгөхийг үлгэрлэж байна.
Монгол таван анжелаа шүт. Тэд биднийг тэнгэрлэг аялгуугаар тэтгэж байна.
Монгол таван анжелаа хайрла. Тэд биднийг нөхцөлгүй цэвэр тунгалаг, эгнэшгүй хүчирхэг хайраараа хамгаалж байна.
Монгол таван анжелаа л иймд бүү ид.
Ц.Лувсандорж
2024 оны 5 дугаар сарын 13-ны өдөр

Wednesday, June 5, 2019

Орчлонд хүүхэд од болох гэж ирдэггүй

   Орчлонд хүүхэд од болох гэж ирдэггүй
 
 
Энэ цагийн монголчууд бид нэг зүйлийг тун их анхаарах хэрэгтэй болсон байгаа юм. Энэ нь жам ёсоор амь зуух, орших, одох. Ингэх нь ийм л хэмнэлтэй явна гэсэн үг л дээ.
Хүүхэд эхлээд жаахан суралцана. Дараа нь хүнд тусдаа ямар нэгэн зүйл хийж сурна. Хөдөлмөрлөнө. Хөдөлмөрлөж хөлс урсгаж амьдрах нь хүний амьдралын жам ёс юм.
Хөлсгүйгээр, хөдөлмөрлөхгүйгээр амжилт гэнэт бууж ирэхгүй. Байвал их эрсдэлтэй. Тэгэхээр ингэж сурч хөдөлмөрлөж байх зуурт нь тэдэнд ухаарал ирнэ. Тэгэхэд тэд маань 30 дөхсөн байх.
Тэгээд л айл болох гэж, үр хүүхдээ өсгөх гэж бужигнаж түжигнэж байтал 40 гарна. Ухаарал дээр нь өнгө зүс гандаж гундана. Бас нэг өөр мэдрэмж эргэнэ.
Орших, одохыг эргэцүүлж эхэлнэ. Тэгэж байтал өөрсдийнх нь үр хүүхэд өсөж тэд нь өөрийнх нь туйлсанг л туулах гэж явааг хараад тэднийгээ өрөвдөж, тэднийгээ чадахаараа л түшихийг хичээнэ. Тэдэндээ санаа зовно.
Ингэж байтал 50 гарна. Тэр үед юм бүхэн зөөлөн, уяхан болно.
Үрсээ ийм л хэмнэлтэй замаар замнах жам ёсыг тэдэнд өнөөгийн монголчууд бид их зааж сургах, хөтөлж чиглүүлэх хэрэгтэй байна даа.
 
Нэг л их од болох, од болгох гэж яарсан, сандарсан улс байх юм. Аливаа зүйл жам ёсоороо байвал эцэстээ төв, зөв байх. Жамаас гажсан бүхэн их эрсдлийг дагуулж байдаг.
 
Дэлхийн тэр нялх попууд, одуудын амьдрал мөн ч харамсалтай, эрсдэлтэй өнгөрч байгааг сонсож л, ажиглаж л байгаа биз дээ.
Нас насандаа зарах биологи, хэмнэл, орчил, эрчим гэж бий. Түүнийгээ л дагах. Орчлонд хүүхэд од болох гэж ирдэггүй юм.
Манай улсын энэ олон ТВ-үүд хүүхэд мисс, хүүхэд дуучин, хүүхэд модел, хүүхэд од, хүүхэд загвар өмсөгч гэх зэргээр тэднийгээ жамаас гаргаж буруу зам луу хөтөлж мэдэх маш олон эвгүй хөтөлбөр, уралдаант тэмцээнийг зохион хэрэгжүүлж ирсэн. Монгол маань дан ганц уралдаан, тэмцээний улс биш шүү дээ. Иймд хүүхэд залуусынхаа гүйцэж амжаагүй ухаан, ургаж амжаагүй биеийг гамна, хайрла. Тэднийг од болгох гэж үү яар л даа. Мөнгө, ашгийг хүүхэд, залуус, бусдыг хохироохгүйгээр ол л доо. Хүүхэд, залуусаа жам ёсон зам дээр нь үлдээ л дээ.
Мөн манай улсын боловсрол нөгөө олон олимпиад, уралдаан тэмцээнээр хүүхдийг мөн ч их хохироож, зовоож байна даа. Тэднийгээ сурах баясал болох тэр зам дээр нь байлга л даа. 
Хүүхэд залуусдаа бид яарч од болохыг биш харин яаж орших, хөлсөөр хэрхэн аятайхан хөдөлмөрлөж амьдрахыг л заая, сургая, үлгэрлэе, хүмүүс минь!
Хүн болж ирнэ гэдэг ховорхон тохиол. Энэ ховор заяагаа зөв үйлээр тэтгэж оршин, одож чадвал тэр энэ насны утга учир мөн. Ингэж чадваас тэр ёстой жинхэнэ ашиг, жинхэнэ ялалт, жинхэнэ од мөн.
Хүүхэд, залуусаа иймд нийгэм ч нь, бизнесийнхэн нь ч, ТВ-үүд нь ч, энэ олон хувийн хийгээд улсын сургуулиуд нь ч хайрла, гамна. Хамгаал. Бид бүгд хүүхэд байсан. Бас залуу явсан.Тэгэж эргэцүүлж тэднийг хайрла.
Орчлонд хүүхэд од болох гэж ирдэггүй.
 
Ц.Лувсандорж

"Архигүй хүнсний дэлгүүр" бодлого хэрэгжүүлээч!

"Архигүй хүнсний дэлгүүр" бодлого хэрэгжүүлээч!

Архийг хүнсний дэлгүүрээс тусад нь байлгах лав л 7 энгийн үндэслэл, шалтгаан байна. Үүнд:


1. Архи хүнс биш.Харин хор юм.


2. Архи идээний дээж биш. Харин аажмаар тэнэгжүүлэх аймшигт хор мөн.

3. Архи талхтай зэрэгцэж байж үл болно. Учир нь архи талх шиг хүний хүнсний үндсэн хэрэглээ биш.

4. Архийг хүнсний дэлгүүрт хээв нэг байлгаж байгаа нь архийг хүнс шиг үзэж худалдан авч сурах нөхцлийг гэмгүй хүнд аажмаар бүрдүүлж байгааг нь буруу байна.

5. Архичид хүнсний дэлгүүрт биш харин архиныхтай л байх ёстой. Архи хүнсний дэлгүүр байснаараа хэл ам нь ч мэдэгдэхгүй болтлоо согтсон атлаа дээрэлхүү, түрэмгий авираараа, архин үнэрээрээ гайхуулж байгаа юм шиг хүнс худалдан авагч болон кассчинтай муухай харьцах боломжийг архичдад олгож байна. Ийм боломж тэдэнд байх ёсгүй. Буруу.

7. Хүнсний дэлгүүр хүнд ойр байвал тустай, харин архиных бол түүнээс хол байвал ачтай болно.

Энэ мэтээр архи хүнсний дэлгүүрт байх ёсгүйн 7 биш харин 70 шалтгааныг маш хялбар дурьдаж болно. Тэгэхээр архийг хүнсний дэлгүүрт зарж үл болохын хангалттай шалтгаан хүн төрөлхтөнд байна. Ийм учраас архи, дарсны дэлгүүр нь хүнснийхээсээ тустай байдаг улс орон ч дэлхийд олон бий.

Чингэвэл, архиар амьсгалсан өнөөгийн монголд архиа хаанаас, яаж авах вэ гэж үү? Хариулт их энгийн.

Архины дэлгүүрээсээ авна. Тэр нь харин хүнсний дэлгүүр биш гэсэн үг.

Архины дэлгүүр хүнсний дэлгүүр шиг улаан үүдэн дээр тань байвал зүгээр гэж үү?
Үгүй.
Тэгвэл хаана гэж?
Хүнсний дэлгүүрийн зэрэгцээ л лав биш.

Тэгээд хаана гэж?

Архины үйлдвэрийн улаан үүдэн дээр нь архины дэлгүүрийг байлгадаг болбол ер нь яаж байна. Хэрэглэгчид нь улаан үүдэн дээр нь улаан цайм элдэвлээд л... Ухааралтай биш гэж үү!

Архийг хүнс юм шиг бодож хэрэглэгчийн яг улаан үүдэн дээр нь байгуулдаг хүнсний дэлгүүрт зардаг энэ хорон хордуулах бодлогоо больж харин "архигүй хүнсний дэлгүүр" бодлогыг хэрэгжүүлцгээе!

Хүнс хол байхад хүн өлсөнө. Харин архи хол байхад тэр айлтгүй. Харин ч OK.

Ц.Лувсандорж

2019 оны 6 дугаар сарын 2-ны өдөр

Friday, July 18, 2014

МОРИНЫ ХӨӨРХИЙ ХҮҮХЭД

МОРИНЫ ХӨӨРХИЙ ХҮҮХЭД

Бие, оюун, сэтгэлийн хөгжлийн “цэцэг” лугаа   үе хүнд бий.  Хүний энэ цэцэг үе нялх, балчир, бага, өсвөр, ер нь хүүхэд нас. Хүүхэд нас  иймд цэцэг лугаа харгүй цагаан, гэмгүй гэнэхэн, хөөр баясал,  гэгээн хайр.   Цэцэг  ертөнцийн үнэн хууль дор  боловсорч ургадаг нь байгалийн жам.  Хүүхэд  чин хайр, энэрэл халамж дор өсөж торнидог нь хүмүүний ёс.  Гэвч цэцэг лугаа хайрлам нас, хайран амь биеэ хөлсгүй ажилд хүчээр зүтгэж өнгөрөөх хөөрхий нэгэн бүл хүүхэд, хүүхэд бүл монголд байна. Энэ бүлийн царай гандмал, харц гундмал, дуу ядруун, бие давжаа. Энэ бүлд эрх үгүй, харин эзэн, ноён, ашиглаач олон;  хамгаалагч, өмгөөлөгч, халамжлагч  цөөн. Золиослогдсон ийм нэгэн хөөрхий бүл хүүхдийг ардчилсан гэх монголд морины хүүхэд гэдэг.
Морины хүүхдийн амь, бие цэнэгүй
Хурдан морь унаж холын зайнд уралдах нь хүүхэд бүү хэл, насанд хүрсэн хүнд хүртэл аминд  аюултай, биед халтай үйлдэл юм. Иймд учраас уралдааны морь унах  нь нарийн мэргэжил болдог. Амь насанд эрсдэлтэй тул энэ мэргэжил өндөр цалинтай, хууль эрх зүйн нарийн зохицуулалтай. Мориноос унаж бэртэх, амиа алдах, уралдаанд морь амжилттай давхих тохиолдолд талууд ямар үүрэг, хариуцлага хүлээх,  шагнал, бооцойгоо хэрхэн хуваахаа гэрээ,хэлэлцэлдээ  яг таг нарийн зааж өгсөн байх.
Австралид байхдаа  давжаа биетэй, дунд эргэм настай, таяг тулсан нэгэн эртэй  хөрш байлаа.  Цагийг нөхцөөж элдвийг л хөөрөх.  Нэгэн удаа “Та чинь яагаад таяг тулчих ваа” гэж асуухад тэрээр “Би уралдааны морь унагч.  Энэ ажлыг олон жил хийж байна. 2 жилийн өмнө мориноос унаж, ташаагаа гэмтээсэн. Одооноос таягтай явж эхэлж байна даа” гэв.
Тэгэхэд нь би залгуулж “Австралид эмнэлэгийн үйлчилгээ чанартай ч, их үнэтэй. Тэгэхээр та эмчилгээндээ нилээд хэдийг зарж дээ” гэж яриа өдөхөд, тэрээр “ Эмчилгээний зардал надаас гардаггүй, харин эрүүл мэндийн даатгалын сангаас төлнө.  Бас эмчлүүлж байх хугацаанд морины эзэн надад сарын цалинтай тэнцэх мөнгө төлдөг. Хамгийн гол нь мөнгө биш, харин биеэ гэмтээхгүй, амиа алдахгүй байх л хамгаас чухал  юм даа” гэж билээ.  Тэрээр мөн цааш нь “Босс (морины эзэн)-ын гол хийх зүйл бол түрүүлэх чансаатай морийг олж худалдан авах.  Үлдсэн нь багийн ажил. Багийн ажил тул амжилтын үр дүн болох шагнал, бооцойгоо  оролцоогоороо л хувааж авдаг” гэж ярихад нь би угтуулж “Унасан морь тань түрүүлсэн тохиолдолд ойролцоогоор хэдийг авах бэ” гэж сонирхоход  тэрээр  “Морь унагч шагнал, бооцойныхоо 20-30 хувийг авдаг. Бас сарын цалингаа авна. Нийлээд ирэхээр хангалттай мөнгө  ш дээ” гэж билээ.
Морь уралдуулах нь иймд соёл, уламжлал гэхээсээ илүү  ашгийн  төлөөх уралдаант үйл, бизнес юм.  Тэгэхээр тэр хүүхдийн үйл огт биш харин шийдвэртээ эзэн нь байж чадах зөвхөн насан хүрэгчдийн ажил, үйлдэл. Монголд  ч  энэ бизнес  уг чанараараа өдөр, шөнө, өвөл, зун гэлтгүй л цэцэглэн хөгжиж байна.  Энэ нь буруу биш байлгүй, мөнгөжилтийн нийгэмд.  Гэвч энэ бизнесдээ гэмгүй хүүхдийг гэмтэй ашиглаж байгаа нь л харин ёстой, гарцаагүй буруу, яах  аргагүй  монгол гажиг.
Энэ буруу үйлдэл, тэр  монгол гажгаас болж арав арваар тоологдох хүүхэд алтан амиа алдсанг, зуу зуугаар хэлэгдэх хүүхэд эрдэнэт биеэ хэмхэлснийг; мянга мянгаар дурсагдах хүүхэд өсөх насандаа морины нуруунд дээр бөмбөгдүүлж явсныхаа гай, горийг давжаарч хэмхэрсэнг биеэрээ,  хоцорч харшсан оюунаараа, гандаж гундсан сэтгэлээрээ эдэлж явааг бодит олон түүх, болсон олон явдал цагаас цагт үеэс үед гэрчилнэ.
Ардчилал, хүний эрх хэмээн айхалсан он жилүүдэд  гэхэд л мориноос унаж алтан амиа алдсан морины хүүхдийн  тоо олонд мэдэгдснээр лав л арав хол гарсан.  Мориноос унаж нуруу нугас, тархи толгой, гар хөл, шүд амаа гэмтээж биеэ хэмхэлсэн хүүхдийг  тоолоход ч тоймгүй. Дүн өвлийн тэс хүйтэнд морь уралдаж нүүрээ хөлдөөж, чихээ тасдаж, нүдээ царцаасан морины хүүхдийн гунигт тохиолдлыг тоолоход ч бэрх,  бодоход ч аймшигтай. Нялхаасаа мориных болсон  хөвүүн арав ч хүрэхгүй насандаа өвгөдийн гэх түрүү булчирхайн үрэвсэлд өртөж хүүхэд “өвөө” болдог бодит үнэнг сонсоход ч гунигтай,  харьцуулахад ч гутамшигтай.
 Алтан амиа алдсан хүүхдэд  хэн амь өгөв өө. Эрдэнэт биеэ хэмхэлсэнд хэн эрүүл бие барив аа.  Цэцгэн насныхаа бие, оюун, сэтгэлээ золиос болгож орхисондоо насан туршдаа гунихарж яваад хэн цэцгэн насныхаа гэгээн дурсамжаа дурсгав аа.
Хөөрхий морины хүүхдийн алтан амиа үнэгүй юу, тэдний эрдэнэт бие нь цэнэгүй юу, энд.   Цэцгэн насны гэгээн дурсамж, хайр, халамжтай явах хувь үгүй юу,морины энэ хэдэн хөөрхий хүүхдэд.
Морины хүүхдийг ашиглаач олон
Монгол даяараа л морины хүүхэд, хурдан морины хүүхэд гэж шуугих. Морины хүүхэд уг нь хүний хүүхэд л дээ.  Гэвч тэд одоо хүнээр биш харин мориор овоглох хүртлээ морижсон байгаа юм. Морь унах нэрээр өвөл зунгүй, өдөр шөнөгүй  зарагдаж буй тэр хүүхдийн харцанд нь нэг л хайр дутсан, гийнгоонд нь нэг л хөг алдарсан,  биеэнд нь нэг л тэжээл дутсан, нүүр нь их л наршиж гандсан, ходоод нь их л өлсөж цангасан, бие нь их л харшиж давжаарсан харагддаг.  Олон эзний нэг зарц болохоор   энэ л дээ,хөөрхий. Бас олон хүнд олон янзаар буруугаар ашиглагдаг болохоор тэр л дээ, хөөрхийс.
Морины гэх хүүхдийн эцэг эхийн нийгмийн байдлыг судлан үзбэл нэг л зүйл их тодорхой. Морины хүүхэд сэхээтний хүүхэд бүр биш.  Учир нь  сэхээтэн  хүүхдэд эрсдэлтэй, бас эрсдэлгүй үйлийг сайн ялгаж эргэцүүлж чадна аа.
Морины хүүхэд баяны хүүхэд лав биш. Учир нь монгол баян баярхагч, баярхагч гэлээ ч хүүхдээ мориных болгож арай ч баярхахгүй нь мэдээж.
Морины хүүхэд дундажийн хүүхэд ч биш. Дундаж дундаж гэлээ ч тэд хүүхдээ  мориных болгож дундажаас доошлуулж дорд орохгүй нь илт.
Морины хүүхэд иймд гагцхүү ард болж дорд болсон ядуугийн л хүүхэд байх.  Дорд ядуугийнхаа гайгаар ардууд “монгол уламжлал”, монгол соёл”, “ард болсон монгол”, “чингисийн монгол”, “морьтой монгол”  гэх хийрхэлд хөтлөгдсөн нэр дор хөөрхий хүүхдийг хоолноосоо холдуулж, өөрөөсөө зайдуулж ашиглана.  Өөрөөсөө ингэж холдуулахын хамт бас дэлхийд өндөр хөлстэй байдаг ажлыг дэргэдэх нэгэнтэйгээ үнэгүй мэт хөнгөнхөн нууцаар тохирч, хөөрхий хүүхдээр мөнгө хийж буруугаар ашиглана.  Эцэг эх, халамжлан хамгаалагч нь ингэж л морины хүүхдийн анхдагч ашиглаач болох нь энэ дээ,  энэ ард болгосон монголд. 
Ардчилсан монголд хурдан морь ашиг олох, хувь хүнийг ардын дунд танил болгох гэсэн нэн чухал хоёр үүрэгтэй. Ийм учраас тэр монгол баян, монгол “од”-ын бизнесийн нэгэн  үндсэн хэрэгсэл байх.  Морио дагаад л  морины хүүхэд ч монгол баян, монгол “од”-ын баялаг, барлаг болдог. Монгол баян, монгол од ингэж морины хүүхдийн үндсэн нэгэн ашиглаач болох нь энэ  дээ, энэ ард болсон монголд.
Морины хүүхдийг “мориных биш харин  хүнийх ”  гэж үнэн зоригтой хэлж чадах хүн байвал тэр лав л монгол улс төрч биш. Үнэнг ингэж улаан цайм хэлж ард  сонгогчоо алдах тийм  “тэнэг” улс төрч, ийм “үнэнч”  улс төрийн нам ч ер нь хаа  ч байхав дээ.Иймд тэд “морины хүүхэд уулаасаа л хүнийх биш харин мориных” гэх  эсрэг логикийг ёстой уран хөгжүүлнэ дээ.  Тэд  “морины хүүхэд монголын уугуул соёл; хүүхэд унаагүй морины уралдаан монголынх лав биш, за тэгээд цаашилбал,дэлхийн талыг мориор л эзэлсэн, хүүхдийн гийнгоог сонсоход самсай шархихарна, морьтойгоо наалдана, наадна ....”  гэх зэргээрээ хаа хамаагүй хувьсагчийг хольж хутгаж хийрхэнэ, хөөргөнө, уяраана.  Улс төрч ингэж морины хүүхдийг өөрийн карьертэй уран ашиглана.  Эцэстээ тэд бас л морины хүүхдийг буруугаар ашиглаачийн тэргүүн эгнээнд хэдийнээ багтан, манлайлан явах нь энэ дээ,  хүний эрх, шударга ёсыг дээдлэнэ гэх хүмүүнлэг ардчилсан энэ монголд.

Хүүхэд насаа монголынх гэж ард олноо хялбархаан  итгүүлэх, тэдэнд таалагдах нэг сайн арга бол морины хүүхэд болох шахснаа дурсах. Энэ аргыг урлаг, спорт, хэвлэлийнхэн ёстой улаан цайм, улаарч хэрэглэнэ ээ.
Олноо танил гэх нэг эрхэм  саяхаан “Хурдан морийг хүүхэд л унаагүй бол тэр ёстой монгол наадам биш” гэж үндэсний телевизийн дэлгэцнээ ихэд цэцэрхэв.  Бас нэг  нэртэй гэх тамирчин “Хүүхэд байхдаа морь их уралдаж байв. Адуунд тангаруулж өслөө. Энэ нь бараг л сайхан, сайн зүйл байсан, ирээдүйн амжилтынх нь эх болсон” гэж бараг л дэмийрч байна уу гэмээр хөөрөв. Өвлийн тэс хүйтэнд морь уралдан хөлдөөс болох шахсан морины хүүхдээс “морь тань хэр хурдлав даа” гэж асууж тохуурхан их л хүмүүнлэг зогсох эм сэтгүүлч ч олон байх.  Түрүүлж ирсэн морины хүүхдийг түлхэчихээд  зөвхөн л морь, эзэн хоёрыг бахдан сурвалжлах хөтөлбөр ч, олон нийтийн сурталчилгааны хэрэгсэл ч мөн ч олон.  Тэд мориных нь ч, эзнийхэн нь ч эцэг эх, ах дүүс, амраг саданг сурвалжлан сурталчилдаг  хирнээ амь биеэ золиослон, хөлс дуслуулан тэмцэж ирсэн  морины хүүхдийг харуулдагчгүй, нэрийн ч асуудагчгүй, ер нь тооддогчгүй. Морины хүүхдийг тоож харьцах нь, “тэд мориных биш, уг нь хүнийх”  гэж хэлэх нь  их  урлаггүй, аугаа ухаангүй, их соёлгүй болох нь  л дээ. Ингэж хэлсэн нь  ёстой амархан адаглагдана гэдгээ ч бас мэднээ, тэд.  Ийм учраас энэ цагийн урлаг, спорт, хэвлэлийнхэн морины хүүхдийг “мориных” гэж үзэн ерөөсөө тооддоггүй. Ингэж авирласнаараа эцэстээ тэд морины хүүхдийг буруугаар ашиглаачдын бүлд нэгдснээ л нотлон харуулах нь энэ дээ, морины  их соёлтой талын их монголд.
Мориных гэх хөөрхий энэ хэдэн хүүхдийг монгол даяараа л ер нь иймэрхүү байдлаар, өөр өөрийнхөө хэрэгцээ, шаардлага, өнгө үзэмжээр буруугаар ашиглах нь  жам болжээ, бүр соёл ч болжээ, энэ улсад.
Морины хүүхэд эрх үгүй
 “Нүцгэн  хаан хараад тун сайхан, их гоё хувцаслаж ээ” хэмээн  шагнан олууллаа  бахдан хөөрч байхад “Хаан  нүцгэн байна”  гэж үнэн хэлсэн үнэнч хөвүүн лугаа  “морины хүүхэд, морины хүүхэд” гэж ард урд, дээд доодгүй, монголоороо шуугин хийрхэхэд “тэр мориных биш ээ, харин хүнийх” гэж  бодит байдлыг бодит хэлсэн бодит нэг профессор аргаа барихдаа “Хүүхдээр хурдан морь унуулж байгаа нь, мөн энэ үйлдлийг хориглохгүй байгаа нь Хүүхдийн Эрхийн Олон Улсын Конвенцийн нь ч, бас Монгол Улсын Үндсэн Хуулийн нь ч “хүн амьд явах эрхээр хангагдана, хамгаалагдана” гэсэн утга агуулга бүхий олон заалтыг зөрчиж байна” гэсэн үндэслэлээр Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд  ханджээ.  Үндсэн хуулийн цэц үүнийг ихэд судалсны эцэст  “дээрх үйлдэл нь, бас энэ үйлдэл хийгдэхийг хориглохгүй байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчөөгүй  байна” гэсэн “алдарт” нэгэн дүгнэлтэд хүрчээ (Баримт  бий).
 Гэтэл  морины хүүхэд хурдан морь унаж яваад осолдож амиа алдсан бодит олон тохиолдол улаан цайм дэргэд нь байх. Бас хурдан морь уралдах нь хүүхдэд бүү хэл, том хүний аминд халтай, биеэнд хортой, аюултай үйлдэл гэдгийг даяараа  таньж мэдэн, дэлхийгээрээ хүлээн зөвшөөрсөн байх.  
Тэр алдарт дүгнэлт,  энэ бодит байдлыг нэгтгэн үзбэл эрүүл хүн л бол “морины хүүхэд монголд эрхгүй байх нээ, тэр тусмаа амьд байх, амьд явах эрхээр бүр ч хангагдахгүй байх нээ, хамгаалагдахгүй байх нээ” гэсэн утганд амархаан хүрэх биз. Морины хүүхэд тэгэхээр  нээрээ “хүнийх биш  мориных ч юм болов уу” гэсэн эргэцүүлэл, эргүүдэлт бас амархан төрөөд явчих.  Уг нь морины хүүхэд харваас л хүний хүүхэд байх, тэгэхээр тэд бас эрхтэй баймаар. Их л хачин юм даа. Монгол гажиг гэж л ийм байдаг юм байх даа.
Морины хүүхдийн ирээдүй баргар
Өдөр, шөнө, өвөл зунгүй хурдан морьтой зууралдан цэцэгхэн насаа эрхгүй илээдэг, олон эзний ганц барлаг морины хүүхдэд сурах цаг ч бага, боломж ч бас хомс. Ийм ч учраас тэд хүний хүүхэд сурдаг сургуулиас амархаан зайлна, хялбархаан завсардана. Сургууль үгүйд бичиг үгүй. Бичиг үгүйд эрдэм хол.  Харин мунхаглал, бурангуй л ойрхон.
 Хөдөөд бичиг үсэгт тайлагдаагүй залуус элбэгшсэн гэнэ лээ.  Цэрэгт бичиг үсэг үл мэдэгч олширсон гэнэ лээ. Магадлан тэднээс асуувал  ихэнхи нь “цэцгэн насандаа мориных  байсан л  даа” гэж гуниглан суух биз. Морины хүүхдийн ирээдүй монголд ийм л баргар юм даа.
Хүүхдэд ээлтэй цэцэрлэг, хүүхдэд ээлтэй сургууль, хүүхдэд ээлтэй гэр бүл, хүүхдэд ээлтэй байгууллага, хүүхдэд ээлтэй сум, хүүхдэд ээлтэй аймаг, хүүхдэд ээлтэй улс  гээд л хаа сайгүй хачин ихээр хөөрөх.  Амьд явах эрх нь хангагдаагүй, ирээдүй нь баргар бүл хүүхэдтэй; ажлын хөлс нь цэнэгүй, амь бие нь үнэгүй, олон эзний ганц барлаг нь болсон морины хүүхэд бүлтэй, хүүхдийг буруугаар ашиглаач нийгмийн олон бүлэгтэй энэ монголыг хүүхдэд ээлтэй, хүмүүнлэг ардчилсан улс гэж хийрхэхэд дэлхийн зон олон  амархан итгэх  болов уу. Эсвэл бүр “хүүхдэд  халтай”  гэж  халаглан хажиглах болов уу. Яадаг бол ер нь.
Ц.Лувсандорж
2014 оны 7 дугаар сарын 17-ны өдөр