АРДЧИЛЛЫГ
БУЛШЛАГЧИД
Демограси (демосгасу) гэдэг энэ
Грек үг ‘олны
хүч’ гэсэн
утгатай. Бурханаас бусдыг захирахаар томилолттой ирсэн дээд заяатай гэгч хаан, хатныг удирдагч,
хаант засаглалыг төр засгаа
гэж үг дуугүй зөвшөөрч ирсэн түүхэн бурангуй
ёсыг удирдагч, төр засгаа сонгууль гэгч
аргаар олны хүчээр байгуулж болохыг сэтгэгчид бүүр эрт цагаас ярьж ирсэн
авч энэ нь гагцхүү 1789
онд эхэлсэн Францын хувьсгалаар түүхэнд анх удаа бодит биелэлээ олсон юм.
Монгол хэлнээ энэ үгийг ‘нийгмийн
урд яваагаасаа ард хоцорсон нь түүхэнд
олон байж ирсэн юм даа’ гэсэн
утгаар ардчилал гэж буулгаж хэрэглэж байна
(Жич: Үгийн язгуураараа бол олончилол, зончилол гэвэл илүүтэй ононо. Учир нь
демокраси гэсэн үгэнд нийгмийн ард хоцорсон ядуусаар төр засгаа байгуулна гэсэн
утга байхгүй юм.)
Ардчиллын
язгуур утга, үнэн цэн нь иймд эцэстээ олныг хамарсан сонгуулиар олны хүний
санал авсан нь олонхийн хүчээр төр засгаа байгуулахад л оршино. Иймд ардчиллыг
бэхжүүлж ардчилсан соёлыг тээж явахад 2 зүйл амин чухал юм. Нэгдэх нь олныг
хамарсан сонгуулийг шударга явуулах. Нөгөө нь олон хүний саналыг авсан нь
ардчиллын ёсоороо олны өмнө хариуцлага хүлээж төр засгаа байгуулах. Харин тэр
сонгуулиар цөөн хүний санал авсан нь сөрөг хүчин болж аливаад шүүмжлэлт байр
сууриар хандах замаар олны хүчээр удирдагч, төр засгаа байгуулах хаант бус ёс болох ардчиллыг хамгаалж, ардчилсан
соёлыг бэхжүүлж байх хариуцлагатай түүхэн үүргийг хүлээдэг. Ардчиллын ёсоор
сонгуулийн дараа олонх болсон нь ч, цөөнх болсон нь ч ардчиллын өмнө ардчилсан
ёсоор түүнийг хамгаалах, бэхжүүлэхэд үүрэг хүлээдэг нь иймд жам ёс болно. Энэ жам ёс алдагдахад ардчилал
буруугаар урвуугаар ашиглагдан булшлагддаг.
Ардчиллыг
булшлагчид энэ улсад олон байна.
МАН-ын дарга
нь Л.Оюун-эрдэнэ нь бол яах аргагүй л ардчиллыг булшлагч мөн. Учир нь ийм юм.
Монгол Улсын Их
хурлын 2024 оны ардчилсан сонгуулиар Л. Оюун-эрдэнэ даргатай МАН гэгч хүчин олон хүний санал авч олонх
болж ардчиллын ёсоор яах аргагүй л төр засгаа дангаараа байгуулах эрх, бас
үүргийг хүлээсэн байдаг. Гэвч МАН-ын дарга Л. Оюун-эрдэнэ ардчилсан ёсны өмнө
хүлээсэн энэ үүрэг, тэр хариуцлагыг умардаж зөвхөн албан тушаал, эрх мэдэлд
дурлан, хувиа бодон, муухай монгол авираараа шүүмжлэлт сэтгэлгээ, хандлагаар ардчиллыг
хамгаалж, алдааг засаж ардчилсан төрийг түших үүрэгтэй цөөнхтэй хамтарч засгийн
газрыг байгуулснаар ардчилсан сонгуулийн утга учир, үнэ цэнийг улиндаа
дэвсэлсэн байдаг. Тийм учраас тэр яах аргагүй л ардчиллыг булшлагч мөн.
АН-ын дарга Л.
Ган-төмөр бол бас яах аргагүй л ардчиллыг булшлагч мөн. Учир нь ийм юм.
Монгол Улсын
Их Хурлын 2024 оны ардчилсан сонгуулиар Л. Гантөмөр даргатай АН гэгч хүчин цөөн
хүний санал авч цөөнх болсноорооо ардчилсан ёсоороо шүүмжлэлт сэтгэлгээ,
хандлагаар ардчиллыг хамгаалж, олонхийн гаргаж болох алдааг нь засах замаар
ардчилсан төрийг түших эрх, бас үүргийг хүлээсэн байдаг. Гэвч АН-ын дарга
Л.Гантөмөр цөөнх байхын тэрхүү үүрэг, тэр хариуцлагаа умардаж зөвхөн албан
тушаал, эрх мэдэлд дурлан, хувиа бодон муухай монгол авираараа олонх болсон хүчний үүрэг, хариуцлага,
шалгуур болох засгийн газрыг байгуулахад
нь хам болж хамтарснаараа ардчилсан
сонгуулийн утга учир, үнэ цэнийг улиндаа дэвсэлсэн байдаг. Тийм учраас тэр яах
аргагүй л ардчиллыг булшлагч мөн.
ХҮН-ын дарга
Т. Доржханд бол бас яах аргагүй л ардчиллыг булшлагч мөн. Учир нь ийм юм.
Монгол Улсын
Их Хурлын 2024 оны ардчилсан сонгуулиар Т. Доржханд даргатай ХҮН гэгч хүчин олонх ч, бас цөөнх ч болж
чадсангүй. Олонх ч биш, цөөнх ч биш учраас түүнд олонх шиг төр засгаа байгуулах
хариуцлагатай эрхэм үүрэг, хариуцлага оногдсонгүй. Бас түүнд ардчилсан ёсоор
цөөнх болж хүчтэй шүүмжлэлт сэтгэлгээ, хандлагаар ардчиллыг хамгаалж, олонхийн
гаргаж болох алдааг нь засах замаар ардчилсан төрийг түших эрх үүрэг ч
заяагдсангүй. Гэвч ХҮН-ын дарга Т. Доржханд өөрсдийг нь хууль тогтоох дээд
байгууллага болох их хурлын танхимд өргөж залсан ардчилсан ёсыг хайрлан хүндэлж,
түүнд ихэд талархаж байхсан, уг нь. Гэтэл
тэр гагцхүү эрх мэдэлд дурлан, хувиа бодон муухай монгол авираараа ардчилсан ёсоор хүлээх эрх үүргийн хувьд өөрт
нь огт хамаагүй засгийн газрыг байгуулахад бас хам болж хамтарснаараа ардчилсан сонгуулийн утга учир, үнэ цэнийг
улиндаа дэвсэлсэн байдаг. Тийм учраас тэр яах аргагүй л ардчиллыг булшлагч мөн.
Монголд ардчиллын
хүчээр амилсан улс төрийн хүчин хэдэн арваар тоологдоно. Өөрийг амь оруулсан ардчиллыг ийнхүү дэвсэлж
байхад тэдний аль нь түүнийг хамгаалсангүй. Харин ч улс төрийн нам гэгчээр хам
болж татвар төлөгчөөр тэжээлгээд, эрх мэдэл мөрөөдөн, хувиа бодон муухай монгол авираараа нам жим явж байх нь тэр. Олон татвар
төлөгчөөр тэжээлгэдэг атлаа олонхийн
засаглал ардчиллын үнэ цэнийг хамгаалдаггүй улс төрийн хүчин гэгч монгол нам бол
яах аргагүй л ардчиллыг булшлагчдын
хамтрагч юм.
Ардчилсан
сонгуулийн үнэ цэн ийнхүү утгаа алдаж, ардчилсан ёс тийнхүү цэнгүйдэн ардчилал
булшлагдсан улсад олны хүчээр босдог олонхийн засаглал үгүйрнэ. Тэгэхэд түүхэн музейд түүх болж үлдсэн хаант засаглал
л элдэв нэр, элдэв хэлбэрээр эргэж залардаг.
Мега
төсөл хэрэгжүүлэхэд бүү хэл, Монгол улсаа
хөгжүүлэхэд ардчилсан ёс огт саад тотгор
болохгүй. Харин ч ардчилсан ёс, олон ургалч үзэл бол аливаа шийдвэрийг оновчтой
хийж улс, нийгмээ хаангүйгээр хөгжүүлдэг хөгжлийн түүхэн ганц зам, ганц гарц нь
болж ирсэн юм, ардчиллыг булшлагчид аа!
Ц.Лувсандорж
2025 оны 5
дугаар сарын 4-ний өдөр
No comments:
Post a Comment